
Гадаа ид тачигнаж байна. Сүүлд орсон их хэмжээний цасны улмаас нийслэлчүүд “барьц” алдлаа. Хаа сайгүй зам түгжирч, автобус хүрэлцэхгүй, иргэд олноороо халтирч унан, гэмтэж бэртэв. Тэнгэрийн муухай хэзээ арилахыг Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн ерөнхий технологич Ч.Сарантуяагаас тодруулахад “Энэ сарыг дуустал цас орохгүй.
Хүйтний эрч сулрах төлөв байна. 23-28-нд салхи 5-6 м/с, өдөртөө -10-16, шөнөдөө -22-25 градус хүйтэн хонох нь. Ирэх ням гаригт өдөртөө -10 градус байна. Гэхдээ өнгөрсөн жилийн өдийд говийн нутгаар өдөртөө -4-7, цас ихтэй нутгаар шөнөдөө -23-24 градус л хүрч байж. Хүйтний эрч сулавтар байсан гэсэн үг. Ирэх сарын цаг агаарын төлөв хараахан гараагүй байна” гэсэн юм.
Сонирхуулахад, энэ сарын 18-наас нийт нутгаар хүйтний эрч эрс чангаран, 18-21-нд олон жилийн дунджаас -15-20 градусаар хүйтэрчээ. Их нуурууд болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө -38-44, өдөртөө -28-33, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын саваар шөнөдөө -34-40, өдөртөө -22-28, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -15-22, өдөртөө -5-12, бусад нутгаар шөнөдөө 24-33 градус хүйтэн хоносон байна.