
“Эрдэнэс Тавантолгой” компанийнхан Засгийн газраас өгсөн үүргийн дагуу Цанхийн баруун уурхайгаасаа нүүрс олборлож эхэлжээ. Баруун Цанхийн олборлогчоор “Эс Жи Эс”, “Хишиг арвин индустриал”, “Моннис” зэрэг үндэсний компаниудын нэгдэл ажиллахаар болсон байна. Тус нэгдэл эхний хоёр сард 1.1 сая тонн нүүрс олборлох аж.
Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” компанид зах зээлийн үнээр нүүрсээ борлуулах боломж бүрдсэн гэж удирдлагууд нь ярьж байна. Улмаар Цанхийн баруун уурхайг ажиллуулснаар Тавантолгойн орд орчимд байнгын 5000 гаруй ажлын байр бий болгож, эдийн засагт үр ашгаа өгөх тооцоо гарчээ.
Түүнчлэн Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг болон “Эрдэнэс Тавантолгой”-нхон Цанхийн зүүн уурхайн гэрээт олборлогч TTJVCo компанитай байгуулсан гэрээг сайжруулах, нүүрсний үнийг нэмэгдүүлэх зорилгоор дахин хэлэлцээ хийсэн байна. Үүний үр дүнд ирэх сард тонн нүүрсээ 50 ам.долларын үнээр тооцож, ТТJVCo-д нийлүүлэхээр болжээ. Энэ нь өмнөх улирлынхаас 85 хувиар буюу 1.8 дахин нэмэгдсэн үнэ юм.
“Эрдэнэс Тавантолгой” компани ТТJVCo-д 50 гаруй сая ам.долларын өртэй бөгөөд үүнийг нүүрсээр төлж байгаа билээ. Үнэ тогтоох индекс болон зах зээлийн ханшийн өсөлт зэргийг урьдчилан тооцсон төсөөллөөр тус компани ирэх улиралд Цанхийн зүүн уурхайгаас нэг тонн нүүрсийг 60 орчим ам.доллароор борлуулах төлөвтэй байгаа аж.
“Эрдэнэс Тавантолгой” компани Цанхийн баруун, зүүн уурхайгаас нүүрс борлуулснаар 2017 оны эхний хагас жилд улсын төсөвт 100 орчим сая ам.долларын татвар, хураамж төвлөрүүлж, “Чалко” болон TTJVCo-ийн өрийг барагдуулж дуусах гэнэ.