
Иргэд, байгууллагын эзэмшил, өмчлөлд байдаг галт зэвсгийг цагдаагийн байгууллага жил бүрийн дөрөвдүгээр улиралд багтаан тоолж, бүртгэх хуультай. Энэ хүрээнд улсын хэмжээнд галт зэвсгийн тооллого, бүртгэл хийж буй билээ.
Улаанбаатар хотын Цагдаагийн газрын ахлах байцаагч, ахлах дэслэгч С.Лхагвадоржоос энэ бүртгэл, тооллогын талаар тодрууллаа.
-Галт зэвсгийн тооллого хэдий хүртэл үргэлжлэх вэ?
-Галт зэвсгийн тухай хуульд заасны дагуу тооллого, бүртгэл жил бүр явуулдаг уламжлалтай. Энэ ажлыг цагдаагийн байгууллага хариуцан хийдэг. 2016 оны галт зэвсгийн тооллогыг энэ сарын 14-нөөс эхлэн улсын хэмжээнд зохион байгуулж байна. “Зэвсэг-2016” арга хэмжээ ирэх сарын 20 хүртэл 36 хоног үргэлжилнэ.
Иргэд галт зэвсгээ тоолуулахдаа хууль, журмын дагуу эзэмшигч нь өөрөө авчирна. Мөн галт зэвсгийн гэрчилгээ, иргэний үнэмлэх, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ зэргээ харьяа цагдаагийн байгууллагадаа аваачиж бүртгүүлэх ёстой.
Галт зэвсгийн тухай хуульд заасны дагуу иргэд галт зэвсгээ тоолуулахдаа зориулалтын саванд хийж, замгийг нь боломжтой бол салгасан байх шаардлагатай байна.
-Иргэд галт зэвсгээ бүртгүүлдэггүй, тэгсэн атлаа ан авд явахдаа ашиглаад байдаг. Ялангуяа орон нутагт ийм явдал их шүү дээ. Тэдгээр иргэдэд хариуцлага тооцохгүй гэсэн үү?
-Тийм ээ. Дээрх аяны хүрээнд зөрчилтэй, бичиг баримтгүй галт зэвсэгт гэрчилгээ олгоно. Ингэхдээ захиргааны ямар нэг хариуцлага тооцохгүй, торгохгүй. Тэгэхээр иргэд үүнд анхаарч, өөрт байгаа гэрчилгээгүй галт зэвсгээ бүртгэлд хамруулах боломжтой гэсэн үг.
-2015 онд Галт зэвсгийн тухай хуулийг шинэчлэн баталсан. Өнгөрсөн жилийн бүртгэл тооллогын дүнг цахим хэлбэрт шилжүүлсэн биз дээ.
-Хууль шинээр батлагдаад хоёр дахь жилийн тооллогын явагдаж байна. Галт зэвсгийн тухай хууль шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулж цагдаагийн байгууллага Галт зэвсгийн сан бүрдүүлсэн. Тэгэхээр цаашид цахим мэдээллийг чанаржуулах тал дээр анхаарч ажиллаж байна.
Өнгөрсөн жилийн байдлаар нийслэлд 13.000 орчим галт зэвсэг бүртгэлтэй байгаа. Тоолуулах ёстой галт зэвсгийн 96 орчим хувийг хамруулсан. Энэ жилийн тооллогын дүн хараахан тодорхой болоогүй байна.
-Иргэд хоорондоо галт зэвсгээ наймаалцдаг шүү дээ. Зарим нь бүртгүүлээгүй байх нь ч бий. Буу эзэмшихийн тулд эхлээд “номын дуу сонсох” талаар хуульчилсан байх аа?
-Иргэд галт зэвсэг эзэмшиж, ашиглах болон аюулгүй ажиллагааны гэсэн сургалтад суух ёстой. Энэ сургалтад суусан иргэд галт зэвсэг эзэмшиж, бусдаас шилжүүлж авах, гадаад улсаас импортоор оруулж ирэх боломжтой гэсэн үг.