
Дорнод аймгийн Халхгол сумын “Зөв боломж” ХХК-ийн 21 ажилчин үл мэдэгдэх шингэн зүйлийг согтууруулах ундаа гэж андуурч уусны улмаас хордон, дөрөв нь нас барсан харамсалтай хэрэг энэ амралтын өдрөөр гарав. Энэ мэдээллийн дагуу өнгөрсөн бямба гаригийн 00.00 цагт Эрүүл мэндийн яамны удирдлагууд тус аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн дарга, эмч мэргэжилтнүүдтэй цахимаар яаралтай хуралдаж, өвчтөнүүдийн биеийн байдал, эмчилгээний явцтай танилцав.
Тэгэхэд орон нутгаас хордсон хүний тоог 13 гэж мэдээлсэн ч өчигдөр 09.00 цагт цахимаар дахин хуралдахад 21 болж нэмэгджээ. ЭМЯ-ныхнаас зарим зүйлийг тодруулахад “Үл мэдэгдэх шингэнд хордсон хүний тоо 21-д хүрч, дөрвөн хүн нас бараад байна. Өдгөө таван өвчтөн бөөрний дутагдалд орж, гемодиализ эмчилгээ хийлгэж байгаа.
Бусдад нь эрчимт эмчилгээ хийн, яаралтай тусламж үзүүлсэн. Бямба гаригийн шөнө нарийн мэргэжлийн эмч нарын багийг Дорнод аймаг руу яаралтай илгээсэн. Одоо өвчтөнүүдийн биеийн байдал харьцангуй тогтворжсон. Тэдний ууж, хордсон шингэн зүйлийг юунд ашигладаг, ямар бодис байсныг тодруулахаар аймгийн Мэргэжлийн хяналтын газрынхан шинжилж байна. Удахгүй тодорхой болох байх. Бид өвчтөнүүдийн биеийн байдал, тусламж, үйлчилгээнд голчлон анхаарч байгаа.
Иргэд хэрэглэж, идэж, ууж буй зүйлийнхээ гарал үүслийг нягталдаггүйн улмаас олон хүн амь нас, эрүүл мэндээрээ хохирсоор байна. Өмнө нь Багануур дүүрэгт үүнтэй төстэй хэрэг гарсан. Тиймээс ард иргэдэд архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг уриалан, сэрэмжлүүлэг мэдээлэл түгээхийг мэргэжлийн байгууллагуудад даалгалаа” гэсэн юм.
“Зөв боломж” ХХК нь “Петро Чайна дачин Тамсаг”-ийн 19, 21 дүгээр талбайд хөдөлмөр зуучлалын үйл ажиллагаа явуулдаг юм байна. Тодруулбал, 2012 оноос газрын тос олборлох ажилд монгол хүмүүсийг зуучилсаар иржээ. Албаны хүмүүсийн хэлж буйгаар тус компанийн ажилчид ажлын байран дээрээ хордсон гэнэ. 2015 онд аймгийн ИТХ-ын шийдвэрээр “Зөв боломж” ХХК-ийн үйл ажиллагааг шалгахад ажилчидтайгаа хөдөлмөрийн гэрээ хийдэггүй, аюулгүй ажиллагааны зааварчилгаа, дотоод дүрэм, журмаа мөрддөггүй, хөдөлмөр хамгаалал хариуцсан ажилтангүй байсан нь илэрчээ.
Тиймээс ажилчид нь ямар нэгэн байдлаар осол гэмтэлд өртлөө гэхэд “Петро Чайна дачин Тамсаг”, “Зөв боломж” ХХК-ийн аль аль нь хариуцлага хүлээхгүй өнгөрдөг гэх. 2014 онд мэргэжлийн хяналтын байгууллагаас тус компанид удаа дараа албан шаардлага хүргүүлж байсан ч зөрчлөө арилгалгүй, өдий хүрсэн байна. Тус компанийн төв оффис нь нийслэлийн Баянгол дүүрэгт байдаг аж.
Өчигдөр тэдэнтэй холбогдож, болсон явдлын талаар тодруулах гээд чадсангүй. Зарим эх сурвалжийн мэдээлснээр “Зөв боломж” ХХК нь ажиллах хүч зуучлахдаа цалин хөлснөөс нь их хэмжээний мөнгө завшдаг, 28-аас олон хоногоор гэрээсээ хол ажилладаг тэднийг дулаалга, галлагаагүй хуучирч муудсан гэрт амьдруулдаг, хоол хүнс, ажиллах орчин, нөхцөл нь ч хүнд гэх.
“Тэнд олон жил ажиллаж буй хүмүүс архи, хортой шингэнийг ялгалгүй уух нь юу л бол” хэмээн хардах хүн ч байв. Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.