
Дорнод аймгийн Халхгол суманд үйл ажиллагаа явуулдаг “Зөв боломж” ХХК-ийн 23 ажилчин үл мэдэгдэх шингэн зүйлд хордсоноос дөрөв нь амиа алдсан тухай манай сонин өмнөх дугаартаа мэдээлсэн. Хордсон хүмүүсийн биеийн байдал болон үл мэдэгдэх шингэн нь юу болох талаар холбогдох газруудаас тодруулав.
Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэлээс хордсон хүмүүсийн биеийн байдлыг асуухад “Хордсон хүмүүсээс 13-ыг нь Дорнод аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хэвтүүлэн эмчилж байгаа. Бие нь сайжирч байна. Үлдсэн нь гэрээрээ хяналтад байгаа. Тус компанийн 200-гаад ажилчинд тандалт судалгаа хийхэд 18 хүн уг шингэнээс 2-8 балгажээ. Дөрвөн хүн амиа алдсаны нэг нь газар дээрээ, хоёр нь эмнэлэгт хүргэгдэх замдаа, нөгөө нь зургаан цагийн дараа амьсгал хураасан юм билээ” гэв.
МХЕГ-т ирүүлсэн дээжийг тус газрын лабораторид шинжлээд метилийн спирт (метанол) болохыг өчигдөр 17.30 цагийн үед тогтоов. Метилийн спирт нь өнгөгүй, дарвиганасан амттай, спирттэй төстэй үнэртэй шингэн бөгөөд будаг үйлдвэрлэх, хөлддөггүй, тэсэрдэггүй холимог бэлтгэх, лаак болгон өргөн ашигладаг аж.
Хүнс, гоо сайхны бүтээгдэхүүнд хэрэглэж болохгүй. Хэрэглэсэн тохиолдолд бөөрний дутагдалд орох, амьсгал хаагдах, элгэнд хортойгоор нөлөөлөн аминд хүрэх аюултай гэнэ. “Зөв боломж” компанийн махны агуулахад байсан таван литрийн савтай метилийн спиртээс 250 мл-ийг усанд найруулж уусан тухайгаа хордсон хүний зарим нь хэлсэн аж.
Гэхдээ тэдний ухаан орж, гарч, сэтгэл санаа, бие махбод нь сайнгүй байгаа учраас өөр өөр зүйл ярьж буй гэнэ. Хордсон хүмүүст нүдний салст бүрхэвч хавагнах, нүд бүрэлзэх, ам цангах шинж тэмдэг илэрчээ.
Холбогдох байгууллагын мэргэжилтнүүдээс бүрдсэн шуурхай ажлын хэсэг Халхголд ажиллаж буй. Уг ажлыг ахалж байгаа ОБЕГ-ын Гамшгийн удирдлагын газрын дарга, хурандаа Б.Ууганбаяраас нөхцөл, байдлыг тодруулахад “Би эмнэлэгт очиж, хордсон хүмүүстэй уулзлаа. Бие нь гайгүй болж байгаа.
Уг шингэнийг хамт хэрэглэсэн 2-3 хүн байна. Зарим нь саванд таслан, авч яваад найруулан уужээ. Хордсон хүмүүст хордлого тайлах эмчилгээ хийж, гемодиализын аппаратад оруулсан. Үүнд хэрэглэх гуурсыг Улаанбаатар хотоос шуурхай авчруулсан. Орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллага болон бусад албаныхан “Зөв боломж” компанийн байранд очиж, ажилчдыг нь эрүүл мэндийн үзлэгт хамруулан, гал тогооны өрөө, хүнсний бүтээгдэхүүнийг шалгасан.
Ашигт малтмал, газрын тосны газраас мэргэжилтнүүд ирж, уг компанийн үйл ажиллагаа явуулдаг “Петро Чайна дачин Тамсаг”-ийн 19, 21 дүгээр талбайд очиж, үзлэг хийх юм билээ. Орон нутгийнхан шуурхай арга хэмжээ авсны хүчинд олон хүний амь эрсдэхээс сэргийлж чадсан байна” гэлээ. Дашрамд дуулгахад, 2007 онд “Азийн чоно” компанийн үйлдвэрлэсэн метилийн спиртээр найруулсан архинд 108 хүн хордож, 13 амиа алдаж байсан юм.