
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн садан төрөл болох олон хүнийг энэ сард хилээр гарахыг нь хориглож, зарим нь ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдсан билээ. Тухайлбал, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн дүү, ЗГХЭГ-ын дэд дарга, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Г.Дэнзэнг албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэсэн үндэслэлээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж буй бөгөөд шалгалтын ажиллагаа эрчимжин, дээрх ангид дахин цагдан хорьсон билээ.
Тэгвэл түүнийг өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр батлан даалтад гаргасан байна. Харин Н.Алтанхуягийн эгчийг үргэлжлүүлэн хорихоор болжээ. Эдгээр үйл явдал болохоос өмнөхөн Ерөнхий сайд асан тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ илэрхийлсэн бөгөөд төрөл садангийнх нь хүмүүсийг ийнхүү саатуулах үед ингэж мэдэгдсэн нь нэлээд олон хүнийг гайхашруулахын зэрэгцээ ойр дотнын хүмүүсийнхээ холбогдсон хэргийг улстөржүүлэх нь гэсэн хардлага төрүүлээд буй юм.
“Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа болохоор манай гэр бүлээр оролдож байна гэж ойлгуулахын тулд ийм мэдэгдэл хийлээ” гэж АН-ынхан дотор ч жиг жуг гэж байна. Харин тэрбээр “Монгол” телевизэд өгсөн ярилцлагадаа “Хэрэв идэж уусан асуудал байгаа бол намайг шалгаж болно шүү дээ” хэмээсэн нь өөрийгөө хуулийн байгууллагаар шалгуулахад бэлэн, нэр төрөө цэвэрлэж авна” гэдгээ илэрхийлсэн гэж ойлгож болох нь. Юутай ч, ойр төрлийнхнийхөө холбогдсон хэрэгт гэрчийн мэдүүлэг өгөх нь тодорхой болоод буй гэсэн мэдээлэл байна.