
Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын өчигдрийн хурлаар Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярын нэхэмжлэлтэй СЕХ нэр дэвшигчээр бүртгэж аваагүй гэх гомдлыг нь хэлэлцэн шийдвэрлэлээ. Тэрбээр зөвхөн СЕХ-гоор тогтохгүй ЦЕГ-ын Мэдээлэл, технологийн төвийг хариуцагчаар татсан юм байна.
СЕХ-ны 2016 оны тавдугаар сарын 31-ний “УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” 75 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах”, “Нэхэмжлэгчийг 2016 оны ээлжит сонгуульд МАХН-аас 75 дугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгэж, нийтэд мэдээлэхийг СЕХ-нд даалгах”, “ЦЕГ-ын Мэдээлэл, технологийн төвөөс хуулийн дагуу ялгүй гэсэн тодорхойлолт гаргахыг даалгах” гэсэн нэхэмжлэл тэрбээр гаргасан бөгөөд тэдгээр шаардлагыг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн холбогдох хэсгийг хэвээр үлдээж, “Н.Энхбаярын ялгүй болох хугацаа дуусаагүй байна” гэсэн ЦЕГ-ын 2016 оны зургадугаар сарын 3-ны 15/1071 дүгээр албан бичгийг хүчингүй болгуулах” шаардлагыг нь түүний талд шийдвэрлэжээ.
Ингэхдээ ЦЕГ ялтай байдлын талаар тодорхойлолт гаргах эрхтэй ч, тооцооллын талаар дүгнэлт гаргах эрхгүй хэмээн уг албан бичгийг нь хүчингүй болгохоор болсон аж. Харин ЦЕГ-ын Мэдээлэл, технологийн төвийн 2016 оны зургадугаар сарын 3-ны 000230 дугаар “Тодорхойлолт”-ыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг нь хүлээн авахаас шүүх татгалзжээ. Н.Энхбаярын ялгүй болох хугацааны асуудал дээр шүүх дүгнэлт гаргаагүй гэнэ.