
Зургийн Хас-Эрдэнэ
ХХЕГ-ын хашаанд хог ачиж явсан Баянзүрх дүүргийн Нийтийн үйлчилгээний газар буюу хуучнаар ТҮК-ийн ажилчин энэ сарын 26-нд золгүйгээр амиа алджээ. Тэрбээр хог тээвэрлэдэг автомашиныхаа өргөгчийн татлаганд толгойгоо хавчуулснаас газар дээрээ нас барсан гэнэ. Мөн энэ өдөр Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид бичил уурхайд унаж, гэмтсэн Б гэх залууг аварчээ.
Дархан-Уул аймгийн харьяат, 27 настай Б тус дүүргийн III хорооны нутаг дахь Э-ийн бичил уурхайгаас нүүрс олборлож байж. Гэвч өргөгч чингэлгийнх нь ган татлага алдуурч, цооногт унасан аж. Үүнээс гадна ахуйн хүрээний архидалтын улмаас 24 настай залуу хорвоог орхижээ. Талийгаач Г найз Б-ийн хамт Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд байрлах айлд очжээ. Улмаар тэд сархад хүртэж, хоорондоо маргалдсанаас Б-гээ хөнөөжээ.
Энэ мэтээр золгүйгээр амиа алдсан тохиолдол нэг бус гарсан бол орон нутгийн замд халтиргаа, гулгаа ихтэй байгаагаас болж, зам, тээврийн ослоор олон хүн амиа алдсаар байна. Энэ сарын 25-нд Дорноговь аймгийн Сайншанд сумаас Замын-Үүд хүрэх замд “Ланд круйзер-200” маркийн автомашин онхолдож, түүнийг жолоодож явсан нийслэлийн Багануур дүүргийн харьяат, 29 настай Д амиа алдав.
Харин түүнтэй хамт явсан дөрвөн хүн гэмтжээ. Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сумын Халуун рашааны орчинд “Зил-131” маркийн автомашин онхолдож, тэвшин дээр сууж явсан хүн нас баржээ. Тус сумын иргэн Г хэдэн хүний хамт самарт явж байгаад ийн осолдсон байна. Гэвч машин нь онхолдож, тэвшин дээр сууж явсан, тус сумын иргэн С автомашинд дарагдсан аж.