
Монголын залуучуудын холбоо, БНСУ-ын Элчин сайдын яам хамтран Солонгосын мэдээллийн төв байгуулж, өчигдөр нээлээ. Залуучуудыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, сурч, боловсрох таатай орчин нөхцөлөөр хангах зорилгоор байгуулсан тус төв Монголын залуучуудын холбооны II давхарт байрлаж буй бөгөөд үнэгүй интернэт ашиглах суурин компьютерууд, цахим ном унших өрөө, уншлагын болон лекцийн танхимтай. Монголын залуучуудын холбооноос КОИКА олон улсын байгууллагад хүсэлт тавьсны дагуу ирэх жилээс уг номын санд сайн дурын солонгос ажилтан ажиллахаар болжээ.
Нээлтийн үеэр БНСУ-ын Элчин сайд У Сун болон МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат нар санамж бичигт гарын үсэг зурлаа.
“Манай улсын хүн амын 35.3 хувь буюу гурван хүн тутмын нэг нь залуучууд. Энэ нь хүн ам нь залуу орны жагсаалтад Монгол Улс дээгүүр байранд орох шалтгаан болсон. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар 2016 оны 12 тоот тогтоолын дагуу хуучнаар Хүүхдийн төлөө үндэсний газрыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болгон өөрчилж, үйл ажиллагааг нь өргөжүүлсэн бөгөөд Залуучуудын хөгжлийн төв байгуулсан.
Энэ нь залуусыг дэмжиж, анхаарал хандуулж буйн илрэл юм. Тиймээс залуус нийгмийн үйл хэрэгт идэвхтэй оролцох, өөрсдийгөө хөгжүүлэх шаардлагатай. Үүнд нь дэмжлэг болохын тулд Солонгосын мэдээллийн төв байгууллаа” гэж Залуучуудын хөгжлийн төвийн дарга Г.Батдорж хэлсэн бол Монголын залуучуудын холбооны Гадаад харилцааны албаны дарга Ч.Хонгорзул “Эхний ээлжинд тус төвд солонгос хэлээр бичсэн 500 гаруй ном байрлуулаад байна.
Цаашид бид номын фондоо бусад гадаад хэл дээрх номоор баяжуулах болно. Энэ төв нь 30 хүний суудалтай уншлага, лекцийн танхим, үнэгүй интернэт бүхий орчинтой. Залуучууд даваагаас-баасан гаригийн 10.00-17.00, бямба гаригт 12.00-16.00 цагийн хооронд манай төвөөр үйлчлүүлэх боломжтой. Юуны түрүүнд солонгос хэл сонирхож, сурдаг залуус энд ирээсэй гэж хүсэж байна” хэмээв.