
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн садан төрлийн хүмүүсийг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаад багагүй хугацаа өнгөрлөө. Тэднийг хүргэн дүү Г.Дэнзэнгийнх нь хөрөнгө завшсан хэрэгт холбогдуулан шалгаж буй хэмээн олон нийт, хэвлэлээр бичиж байсан ч өөр тусдаа хэрэг байгааг албаны эх сурвалж баталлаа.
Г.Дэнзэнг ЗГХЭГ-ын дэд дарга, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэсэн үндэслэлээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн аж. Түүнийг өнгөрсөн долоо хоногт батлан даалтад гаргасан хэмээн зарим эх сурвалж ярьсан ч энэ нь ташаа байсныг НПГ-ын хэд хэдэн хүн хэллээ.
Г.Дэнзэнг үргэлжлүүлэн 30 хоног хорих шийдвэрийг шүүх энэ сарын 27-нд гаргасан байна. Харин Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн дүү нарын холбогдсон хэргийн талаар нийслэлийн Прокурорын газрын олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Г.Бясман “БСШУЯ, зарим дүүргийн Тамгын газраас зарласан 4.2 тэрбум төгрөгийн санхүүжилттэй тендер хууль бусаар явагдсан хэргийг АТГ-ынхан шалгаж байгаа.
Энэ хүрээнд улсын төсвөөс авсан санхүүжилтийн зарцуулалттай холбоотойгоор Н.Наранцэцэг, Ц.Насанбат зэрэг хүмүүсийг сэжигтнээр тооцсон. Зарим хүнийг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Ц.Насанбатын нөхөр нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн төрсөн эгчийн хүү буюу үеэл дүү нь, харин Норовын Наранцэцэг бол Н.Алтанхуягийн төрсөн дүү. Уг хэрэгт Н.Алтанхуягийн эхнэр Х.Сэлэнгийг холбогдуулан шалгасан зүйл үгүй” гэж мэдээлсэн юм.