
Монгол оюутан, сурагчид Герман, Франц улсад суралцаж эхэлсний 90 жилийн ой энэ онд тохиож буй. Манай улсын боловсролын түүхнээ тодоор тэмдэглэгдэх эл түүхэн үйл явдалд зориулан судлаач Ч.Болд “Алс газар сурахаар одогсод” номынхоо дэд дэвтрийг бичиж хэвлүүлжээ.
Тэрбээр өнгөрсөн жил хэвлүүлсэн тэргүүн дэвтэртээ 1926-1930 онд Франц улсад сурч байсан дөрвөн хөвгүүн болон тэдэн дээр нэмэгдэн очсон Мэргэн гүн Гомбожав, Ж.Цэвээний гэргий Бадамжав түүнчлэн тэдний Францад суралцах ажлыг анх санаачлан зохион байгуулсан Ц.Дамбадорж, Эрдэнэбатхан, ажил хэрэг болгон хэрэгжүүлсэн багш Б.Ишдорж, Д.Буддари зэрэг олон хүний амьдрал, хувь заяаны ээдрээт, эмгэнэлт түүхийг өгүүлсэн билээ.
Зохиогч дэд дэвтэртээ 1926-1930 онд Германд суралцаж байсан Р.Аюурзана, Ц.Баатарсэнгэ, Ц.Бадарч, Г.Базарням, Б.Гомбо, Л.Гомбожав, Б.Доржсүрэн, С.Лувсандамдин, Д.Намдаг, Л.Намхайцэрэн, Д.Цэрэнханд, Г.Хаалаа, Б.Юмхүү нарын амьдрал, хувь заяаны тухай бичжээ.
Түүний шинэхэн номын талаар түүхийн ухааны доктор, профессор З.Лонжид “Ч.Болдын энэ номыг уншсан хүн хэн боловч урьд өмнө нь олны хүртээл болоогүй нэлээд зүйлийг мэдэх боломжтойн сацуу манай улсын боловсролын тогтолцоо хэрхэн үүсэж уламжлагдаж шинэчлэгдэн төлөвшсөнийг нэхэн судлаачдад тус дөхөм болохуйц цөөнгүй мэдээ занги байгааг мэдэх нь лавтай” хэмээжээ.
Сэтгүүлч Ч.Болд сүүлийн найман жилийн хугацаанд судалгаа хийж бичсэн энэхүү номдоо 140 гаруй түүхэн гэрэл зураг болон архивын баримт ашигласны дийлэнх нь урд өмнө хэвлэгдээгүй бөгөөд судалгааны эргэлтэд анх удаа орж байгаа аж.