
БНХАУ-ын ӨМӨЗО-ы Баяннуурын Улаатын дунд хошууны Ардын Засгийн газар энэ сарын 22-нд Ганцмод боомтын хураамжийн журамд өөрчлөлт оруулах шийдвэр гаргажээ. Ингэснээр манай улсаас экспортолж буй түүхий эдийн тн тутамд найм, хилээр нэвтрэх машин бүрээс 10 юань, үнэт металлын тн тутмын үнэ 10 мянган юаниас давсан тохиолдолд экспортын дүнгийн хоёр хувьтай тэнцэх хэмжээний хураамж авахаар болж буй аж.
Уг шийдвэр өнөөдрөөс (арванхоёрдугаар сарын 1) хэрэгжих юм байна. Ганцмод боомтын хураамжийг уг байгууламжийн засвар, үйлчилгээнд зарцуулах гэнэ. Энэ талаар эрдэс баялгийн эдийн засагч Л.Наранбаатар “Ганцмодыг олон улсын статустай боомт болгоогүйн гор гарч байна. Хэрэв олон улсынх болгочихвол орон нутгийн захиргаа элдэв хураамж авахгүй болно” хэмээв.
Харин Монголын уул уурхайн үндэсний ассоциацын гүйцэтгэх захирал Д.Энхболд “Үнэт металлын үнийн дүнгийн хоёр хувьтай тэнцэх хэмжээний хураамж гэдэг нь бараг татвартай адил болж байна” гэлээ. Тус боомтоор өдөрт 100 орчим автомашин нэвтэрдэг гэсэн тооцоо бий. Тэгвэл зөвхөн автомашинаас өдөрт 1000 юанийн хураамж авахаар болж байна.
Мөн манай улс ирэх онд 20 орчим сая тн нүүрс экспортолно гэвэл 160 сая юань буюу одоогийн ханшаар 60 орчим тэрбум төгрөг төлж таарах нь. Өмнө нь Ганцмод боомтоор нэвтэрсэн машин бүрээс хураамж авч байсныг хоёр тал тохиролцон тэглүүлсэн юм байна. Үүнээс өөр ямар нэгэн хураамж авч байгаагүй аж.