
Манай улсад дэлхийн стандартад нийцсэн мөсөн гулгуурын талбай байгуулагджээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан өвлийн спортыг хөгжүүлэх төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, хоккейн “Билэгт хүү” клуб, VI сургууль хамтарсан мөсөн талбайн нээлт өчигдөр боллоо. Монголд хоккейн спорт 1951 оноос хөгжиж эхэлсэн бөгөөд албан ёсны анхны холбоо 1991 онд байгуулагдсан.
Өвлийн бусад спортын түүх ч үүнтэй ижил. Харамсалтай нь, өдийг хүртэл стандарт талбайгүй, тамирчид нь амжилт үзүүлж, олон улсын түвшинд мөрөө гаргах нь бүү хэл бэлтгэл хийх мөсөн талбайгаар дутмаг байлаа. Мөн улирлын чанартай тул хэдхэн сар л үргэлжилдгээс байнгын бэлтгэл сургуулилалт дутмаг байдаг. Тэгвэл дэлхийн жишигт нийцсэн мөсөн талбайг ашиглалтад оруулснаар өвлийн спорт хөгжих суурь тавигдаж байна.
Энэ талбай 30 метр өргөн, 60 метр урт бөгөөд олон улсын стандарт хангасан гэдгээрээ онцлог. Зөвхөн өвлийн улиралд ч бус дөрвөн улирлын турш ашиглах боломжтой гэнэ. Энэ талаар Монголын хоккейн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, “Билэгт хүү” хоккейн клубийн захирал Ж.Хуяг “Мөсөн талбайг зөвхөн өвлийн улиралд ашиглах зориулалтаар бүтээгээгүй.
Зун ч дугуйт тэшүүр, бөмбөгтэй хоккей зэрэг спортоор хүүхэд залуус хичээллэж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжтой. Мөн манай хоккейн лиг энэ сард нээлтээ хийнэ. Эхний тойргийн тоглолт Багануур дүүрэгт болох бол хоёрдугаар тойрог Улаанбаатарт болно. Одоогоор яг аль талбайд зохион байгуулах нь тодорхойгүй ч эндээ хийхээр төлөвлөж байгаа. Цаашид бусад холбоотой хамтарч, спортын тэмцээн уралдаан зохион байгуулна” гэв.
Олон улсын шаардлага хангасан мөсөн талбайг өвлийн улиралд зөвхөн хоккейн багийнхан бэлтгэл хийхэд биш тэшүүр, уран гулгалт зэрэг бусад спортыг хөгжүүлэхэд ч ашиглах гэнэ. Олон нийтэд зориулсан мөсөн талбай хэдий ч өдрийн цагаар сургалт зохион байгуулах, өсвөрийнхөнд зориулсан тусгай бэлтгэл хийхэд цаг гаргахаар төлөвлөжээ.