
Сүхбаатар аймгийн Бичигт боомтоор Хятад руу гаргахаар авч очсон, ачааны машины тэвшин дээр 20 орчим хоногийг өнгөрөөсөн адуу олноороо хорогдох болжээ. Хүнд даацын ачааны нэг машинд 20 гаруй адуу ачсан жолооч нар өнгөрсөн сарын дундуур тус боомтод очсон ч хилээр гаргахгүй байгаагаас тэвшин дээр олон хонуулж байна.
Адуу ачсан 30-аад машин тэнд байгаа гэж эх сурвалжууд баталж буй. Нэгэнд нь 20 гэж тооцвол 600 гаруй адуу байгаа бололтой. Тус боомт руу ажлаар очсон нэг иргэн фэйсбүүк хуудсандаа “Урд хөрш рүү гаргах гэж байгаа монгол адуун сүрэг маань хөлдүү тэвшин дээр 10 гаруй хоног өвс, усгүй тамлагдаж захаасаа үхэж эхэлжээ. Өрөвдөөд тавьчих санаа байвч хүний өмч үрэгдүүлсэн хэрэгт орчих учраас хий халаглаад л өнгөрлөө” гэж бичсэн байсан юм.

Тус боомтоор адуу олон тоогоор гаргаж буй тохиолдол ганц энэ биш. Өнгөрсөн оны тавдугаар сард 350 адуу гаргасныг хууль хяналтын байгууллагынхан илрүүлсэн ч тэгсхийгээд л таг чиг болсон. Уг нь мал амьдаар нь гаргахыг 2011 оноос хойш хориглосон байдаг ч түүнээс хойш хууль бусаар ингэж адуу гаргасаар байгаа гэдгийг орон нутгийн иргэд бидэнд хэлсэн юм. Хятадууд нутагтаа аваачсан адуугаа нядлаад хоёр Солонгост нийлүүлж байгаа гэх албан бус мэдээлэл ч байдаг юм билээ.
Бичигт боомтод ажилладаг нэгэн хүнтэй өчигдөр холбогдоход “Машины тэвшин дээр өл, хоолгүй байсан 50-иад адуу хорогдсоныг хойд талын жалга руу нь аваачиж хаясан байна. Хавар, зун ч үнэр танар нь лут болно доо. Шөнөжингөө машины тэвшийг туурайгаараа цавчиж хонох нь их өрөвдмөөр. Өчигдөр ашгүй буулгаж байна лээ. Хүн хөлсөлж адгуулах, хаших арга хэмжээ авч байгаа юм билээ” гэв.