
Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчээр Цэвэгмидийн Зоригийг дахин томилуулах саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тус шүүхийн нийт шүүгчдийн зөвлөлгөөнөөс шийдвэрлэсэн талаар бид өнгөрсөн сард мэдээлсэн билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр 159 дүгээр зарлиг гаргаж, түүнийг Дээд шүүхийн ерөнхий шүүгчээр томилсныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан УДШ-ийн байранд очиж танилцуулсан юм.
Хоёр дахиа томилогдож буй Ц.Зориг энэ үеэр өөрийг нь дэмжиж, ерөнхий шүүгчээр дахин нэр дэвшүүлсэн Дээд шүүхийн шүүгчдэдээ талархал илэрхийлээд хариуцлагатай ажиллахаа мэдэгдсэн байна. Түүнийг дээрх албан тушаалд хоёр дахиа томилогдохоор нэр дэвших үед нь хууль зөрчсөн гэх асуудал сөхөгдсөн бөгөөд Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн баасан гаригт хуралдсан дунд суудлын хуралдаанаар иргэн Жадамбаагийн мэдээллийг хэлэлцэн шийдвэрлэсэн юм.
Ингэхдээ Үндсэн хуулийн 51.2-т “Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийн бүрэн эрхийн хугацаа зургаан жил байхаар хуульчилсан бөгөөд түүнийг улируулан томилох эсэх асуудалд Үндсэн хуулиар аливаа хязгаарлалт тогтоогоогүй байна. Гэтэл Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15.3-т “Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор шүүгчдийнх нь дотроос Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар нэг удаа томилно” хэмээн заажээ.
Ийнхүү Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийг зөвхөн “нэг удаа” томилох агуулгаар хуульчилсан хязгаарлалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна” гэж цэц дүгнэсэн. Улмаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дээрх заалтыг түдгэлзүүлсэн нь Ц.Зориг дахин томилогдох боломжтой гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэрэг.
Тэрбээр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн, 1982 онд МУИС-ийн хуулийн ангийг төгсөөд, Сэлэнгэ аймаг, Улсын дээд шүүх, Хууль зүй, арбиртын яаманд арбитрч, 1990-1992 онд Октябрийн районы ардын шүүхэд шүүгч, 1993-2010 онд Нийслэлийн шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч, 2010 оны арваннэгдүгээр сарын 05-наас Дээд шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж буй юм.