
Сүхбаатар аймгийн Бичигт боомтоор Хятад руу гаргахаар авч очсон адуунууд олноороо үрэгдэж эхэлсэн талаар “Өнөөдөр” сонин даваа гаригийн дугаартаа мэдээлсэн. Тэгвэл үүнийг шалгах хамтарсан ажлын хэсэг байгуулжээ. Мөн өчигдөр Шадар сайдын ажлын алба, ХХААХҮЯ, МХЕГ-ынхан мэдээлэл хийж, тэнд байгаа адууг буцаан татах шийдвэр гаргаснаа мэдэгдлээ.
Энэ талаар Шадар сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөр “Амьд адуу экспортлохгүй гэсэн шийдвэр гарсан байхад хилээр гаргасан асуудалд зохих арга хэмжээ авна. Бусад боомтыг ч шалгана. Шадар сайд Бичигт боомтод байгаа адууг буцаан татах үүрэг даалгавар өгсөн” гэв. Харин МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү “Сүхбаатар аймгийн Бичигт боомтод 800 гаруй адуу байна гэсэн мэдээлэл бидэнд ирлээ. Тэднийг бүгдийг нь татах шийдвэр гарсан тул тэнд байгаа хүмүүс орон нутгийн гүн рүү адуугаа аваачих, эсвэл тодорхой зааж өгсөн бүс нутагт шаардлага хангасан нөхцөлд гар аргаар хээрийн бой маягаар махалж, экспортлоход анхаарах нь зүйтэй” гэлээ.
Монгол, Хятадын тал 2008 онд адуу экспортлох тухай санамж бичиг байгуулж, түүнээс хойш 8-9 аж ахуйн нэгж урд хөрш рүү жилд дунджаар 3000-7000 адуу гаргаж байжээ. Гэтэл өнгөрсөн сарын 15-нд Шадар сайд У.Хүрэлсүх ирэх 2017 оны дөрөвдүгээр сарын 1 хүртэл хилээр амьд адуу гаргахыг хориглосон юм. Ингэхдээ адууны мах бэлтгэж гаргана гэж байв. Гэтэл уг шийдвэр гарахаас өмнө хэд хэдэн аж ахуйн нэгж адууг амьдаар нь гаргах зөвшөөрлөө авчихсан байжээ. Улмаар тэд Бичигт боомтод адуугаа аваачиж, хэд хоногоос гаргах байх гэсэн найдлага тавин хүлээж байх хооронд 60 гаруй нь хорогджээ.
Өчигдөр 19.00 цагийн үед Бичигтийн боомт дахь нэгэн хүн “Адууг өөр машинд шилжүүлэн ачиж эхэллээ. Гэвч ямар зорилгоор, хааш нь аваачих гэж буйг нь мэдсэнгүй” гэсэн юм.