
Жирэмсний сүүлийн гурван сард агаарын бохирдол ихтэй газар амьдарч буй эхчүүд аутизмтай хүүхэд төрүүлэх эрсдэл нэмэгддэг болохыг эрдэмтэд баталжээ.
Сонирхолтой нь эл судалгааг бүр 1989 оноос хийж эхэлсэн бөгөөд Харвардын их сургуулийн нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн эрдэмтэд судалгааныхаа үр дүнг 2014 оны сүүлчээр танилцуулсан байдаг.
Уг судалгаанд 100.000 гаруй сувилагчаас мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийсэн тухай багийн ахлагч Марк Уэскоф дуулгажээ. Харвардын их сургуулийн эрдэмтэд 1990-2002 онд төрсөн 1767 хүүхдэд ажиглалт хийж, ялангуяа тэднээс аутизмтай 245 хүүхдийг онцлон ээжийнх нь жирэмсний үеийн нөхцөл байдлыг нарийвчлан судалжээ. Эцэст нь тэд нярай аутизмтай төрөхөд нөлөөлдөг хамгийн том хүчин зүйл нь орчны тэр дундаа агаарын бохирдол гэж дүгнэжээ.
Лернерийн судалгааны институтын Генийн судалгааны тасгийнхан ч уг дүгнэлтийг үгүйсгээгүй байна. Тус тасгийн эрхлэгч Чарис Энг "Нярай аутизм төрөхөд нөлөөлдөг хоёр л хүчин зүйл байдаг нь үнэн. Удамшлаас гадна орчны бохирдол аутизмтай болоход нөлөөлдөг" гэжээ.