
Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтоор олон тооны адуу хилээр гаргахаар очсон ч нэвтрүүлээгүй, хагас сар орчмын хугацаанд машины тэвшин дээр зогссон морьд өлдөж, хорогдсон талаар манай сонин мэдээлсэн нь Шадар сайд, ХХААЯ болон МХЕГ-ын даргын чихэнд хүрсэн билээ. Тэд “Хилээр амьд адуу гаргахгүй” гэдэг шийдвэр дээр хатуу зогсож буй хэмээн хэвлэлийн бага хурал хийж мэдээлсний зэрэгцээ “Боомтын захиргааныханд чиглэл өгсөн” нь тэр даруйдаа хэрэгжиж эхэлсэн байна.
Бичигт боомтод байгаа эх сурвалжтай уржигдар 17.00 цагийн үед холбогдоход “Зарим машинд адуугаа ачиж эхэлсэн. Нутгийн гүн рүү буцаж байна” хэмээсэн юм. 800-гаад адууг хятадууд нэг бүрийг нь 500.000 төгрөгөөр худалдан аваад, хилийн цаана гаргаж, 1.000.000 сая төгрөгөөр худалдаж байгаа талаараа жолооч нарт нь ярьсан гэнэ. Машиных нь тэвшин дээр үхэж буй адуунаас болж хүнд даацын машины жолооч нар болон хятадуудын хооронд бас багагүй маргаан дэгдэж байсан удаа ч бий аж.
Энэ талаар эх сурвалжууд “Монголчууд малаа үхэж хорогдож буйг зүгээр хараад сууж чаддаггүй шүү дээ. Тиймээс хятадуудад автомашиных нь тэвшин дээр нэг нэгээрээ үхэж буй адууг хараад буулгаж, өвс, ус өгөх шаардлага тавьсан юм билээ. Гэтэл нөгөөдүүл нь уурлаж, барилцаж авсан байсан” гэж ярилаа. Хорогдсон адууг Бичигтийн ойролцоох хогийн цэг, жалга судаг, тал гээд хаа хамаагүй хаясан байгаа гэнэ.
Өдгөө хилээр амьд мал гаргахгүй хэмээн Шадар сайд нь ч, эрхэлсэн сайд, дарга нар ч яриад байгаа. Ерөнхийлөгч маань хүртэл твиттерээр “Малыг амьдаар нь экспортлох нь Монгол Улсын бодлого биш байсаар ирсэн. Цаашид ч энэ бодлого тууштай хэрэгжих учиртайг албан ёсоор анхааруулъя” хэмээсэн.
Төр, засгийн зүгээс нэгэнт шийдвэр гаргасны дараа нутгийн гүн рүү адуугаа залсан нэг хэсэг байхад хилийн боомт дээр цөөнгүй нь үлджээ. Монгол жолооч нар адуугаа ачаад буцах шаардлага тавихад өмнөд хөршийн ченжүүд зөвшөөрөөгүйгээс орхиод хоосон буцаж буй жолооч ч байгаа гэнэ. Адууг нь нутгийн иргэд хөлсөөр хариулж байгаа аж.
Харин ченж хятадууд нь хилээр чөлөөтэй орж гарсаар байгааг тэнд буй эх сурвалжууд батлав. Нутгийн гүн рүү орохгүй хилийн ойролцоо адуугаа хариулж байгаа нь тус боомтынхонтой хуйвалдаж, хахууль өгч гаргах гэсэн санаа байхыг үгүйсгэхгүй гэж зарим хүн үзэж буй юм.