
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дахь Бичигт боомтоор олон тооны адуу хилээр гаргах гээд хүлээж байгаа хүмүүсийн талаар “Өнөөдөр” сонин хамгийн түрүүнд мэдээлсэн. Үүнийг Шадар сайд У.Хүрэлсүх анхааралдаа авснаар тэдгээр адууны ихэнхийг нь нутгийн гүн рүү буцаасан ч цөөнгүйг нь хилийн ойролцоо хариулж буй. Түүнээс өмнө Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаас бэлтгэсэн өвсийг хил давуулахгүй байхаар шийдвэрлэсэн билээ.
Арваннэгдүгээр сарын 16-нд ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн “Сүхбаатар, Дорнод аймгийн нутагт экспортод гаргахаар 200 мянган тонн өвс бэлтгэжээ. Үүнээс 120 мянган тонныг нь боомт дээр татсан мэдээлэл байна. Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймагт өвөлжилт хүндэрч болзошгүй тул хадлан, тэжээл хүрэлцэхгүй гэсэн гомдол, хүсэлтийг малчид тавьсан. Аж ахуйн нэгжүүд улсын хадлангийн нөөцийн 20 хувьтай тэнцэхүйц өвсийг Хятад руу гаргахаар бэлтгэсэн байна.
Тиймээс Улсын онцгой комисс болон МХЕГ зэрэг холбогдох байгууллагад танилцуулж, өвс экспортлохыг зогсоосон” хэмээн мэдээлж байв. Тэгвэл хятадууд өвс гаргах боломж хайн, Бичигт боомт дээр хүлээсээр байна. Тус боомтын дэргэд маш их хэмжээний өвс хурааж, бэлтгүүлсэн хятадууд нь хилээр орж, гараад л байж буй гэнэ. Энэ талаар Эрдэнэцагаан сумын иргэн “Аравдугаар сарын сүүлчээс эхлээд хүнд даацын олон машинаар Дорнодын Матадын нутгаас болон Сүхбаатарын Эрдэнэцагаанаас өвс ачиж ирсэн.
Гэвч Шадар сайдын захирамжтай холбоотойгоор өвсөө хилээр гаргаж чадаагүй. Хятадын компаниуд сумын удирдлагуудтай гэрээ байгуулж өвс хаддаг. Үүний төлбөрт нь орон нутагт маань засмал зам тавьж өгсөн. Тиймээс нутгийн удирдлагууд хадлан хадахаар орж ирсэн Хятадын компанийнхантай гэрээ байгуулж, өвс бэлтгэх талбайг нь зааж өгдөг юм гэсэн. Дорнодын Матад ч мөн хадсан өвснөөсөө өгдөг бололтой” гэв.
Хилээр өвс гаргахгүй гэсэн шийдвэрээс болоод ажлынхаа хөлсийг хятадуудаас авч чадахгүй хохирч байгаа монгол хүн олон байгаа аж. Тэд Матад дахь хадлангийнхаа талбайгаас холдож чадахгүй, хятадуудаас төлбөрөө авахаар хүлээж, хоол унд муутайхан, өлөн зэлмүүн байгаа гэдгийг орон нутгийн иргэд бидэнд хэллээ.
Мөн хятадуудын авсан өвсийг Бичигт боомтод хүргэж өгсөн жолооч нар ч мөнгөө авч чадахгүй хүлээж цөхөж байгаа аж. Нутгийн зарим иргэн “Төр нэгэнт хилээр өвс гаргахгүй гэсэн шийдвэр гаргачихсан юм чинь энэ намар бэлтгэсэн хадланг нь улсдаа худалдаж аваад, мөнгийг нь хадланчдад олгочихож болдоггүй юм байх даа” хэмээн ярьж буй гэнэ.
Хилийн боомтын дэргэд адуу, өвс байлгаж байгаад баяр ёслолын үеэр ч юм уу, хүмүүсийн анхаарал өөр тийш хандахад өмнөд хөрш рүү гаргах гэж байж болзошгүй хэмээн хардах хүн ч байна.