
Прокурорын байгууллагын хоёр ч албан хаагчийг хээл хахуулийн хэрэгт холбогдуулан АТГ-т шалгаж буй. Тэдний нэг, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Отгонбаярыг хорьж шалгах шаардлагагүй гэж үзсэн бололтой, батлан даалтад гаргасан байна.
Тэгвэл Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Мөнхтуяад холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн удахгүй шалгаж дуусган, манай хяналтад шилжүүлэх гэж байгаа хэмээн НПГ-ын эх сурвалж хэллээ. Мөнхтуяа авлигын хэрэгт анх удаа ч холбогдож байгаа юм биш гэнэ. Өмнө нь энэ төрлийн хэрэгт холбогдон шалгуулж, прокурорын байгууллагаас халагдаж байсан аж. Улсын ерөнхий прокуророор М.Алтанхуягийг ажиллаж байх үед ийнхүү чөлөөлөгдсөн гэнэ.
Тухайн үед хэрэгт холбогдсон төдийгүй, ажлаасаа өөрийн саналаар гараад эргэж орох гэсэн хүнийг прокурорын байгууллагад авдаггүй журамтай байсан учраас тэрбээр хувийн компанид хуулийн зөвлөхөөр ажиллах болжээ. Улмаар Улсын ерөнхий прокуророор Д.Дорлигжавыг томилогдсоны дараа эргэж ажилдаа орсон юм байна.
Тэрбээр өөрийнх нь хяналтад байгаа хэрэгт холбогдсон хүнд гүтгүүлсэн гэж Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргасан ч УЕПГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын албаныхан Мөнхтуяаг шалгаж шийдвэрлэтэл гүтгүүлсэн гэх хэргийн мөрдөн байцаалтыг түдгэлзүүлсэн гэнэ.