
Арванхоёрдугаар сард согтуугаар машин жолоодох, хөлдөх зэргээр амь нас, эрүүл мэндээрээ хохирох нь цөөнгүй. Тиймээс Замын цагдаагийн алба, ГССҮТ-ийнхөн өчигдөр энэ талаар мэдээлэл хийж, албан байгууллага, иргэдэд хүлээн авалт, баярын арга хэмжээнийхээ үеэр бусдын аюулгүй байдлыг хангаж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж, зөвлөмж хүргүүллээ.
Үүнд “Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн, мандуулсны 105 жилийн ой, Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхдээ байгууллага, аж ахуйн нэгжүүд албан хаагчид, ажилчдынхаа аюулгүй байдлыг хангах үүднээс нэгдсэн унаагаар үйлчилнэ үү. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн нэгнийгээ гэмт хэргийн хохирогч, холбогдогч болохоос сэргийлж, найдвартай такси, дуудлагын жолооч үйлчилгээний байгууллагатай боломжит хувилбараар хамтарч ажиллах хэрэгтэй.
Шинэ жилийн үдэшлэг зохион байгуулагчид нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх талаар зөвлөмж, санамж, сэрэмжлүүлэг гаргаж, түүнийгээ нийтэд харагдахуйц газарт байрлуулах зэрэг арга хэмжээ авч, баяраа зүй зохистой тэмдэглэн өнгөрүүлээрэй” хэмээжээ.
Энэ оны эхний 11 сарын байдлаар улсын хэмжээнд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 739 осол, гэмт хэрэг гарчээ. Үүний уршгаар 98 хүн амиа алдсан бол 179 хүн хүнд, хөнгөн гэмтсэн байна. Согтуугаар жолоо баригсад нь 18-40 насныхан бөгөөд хохирсон иргэдийн 30 орчим хувь нь эмэгтэйчүүд байсан аж.