
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд 25 ортой Хүүхэд, өсвөр үеийн клиник гэж бий. Жилийн дөрвөн улиралд энэ 25 ор эзэнгүй байх нь үгүй. Өнгөрсөн жил энэ клиникт 44 хүүхэд "Дэлгэцийн дон" гэсэн оноштойгоор хэвтэж эмчлүүлсэн бол энэ оны эхний 10 сарын байдлаар 56 болж өссөн байна.
Ирээдүй хойч үе минь болсон багачууд ийнхүү цахим хэрэгсэлд донтож, ямар нэгэн зүйлийн хамааралд хэт өртөж байгаа нь эмгэнэлтэй. Одоогийн байдлаар улсын хэмжээнд нэгдсэн судалгаа гаргаж, хэдэн хүүхэд дэлгэцийн хамааралтай болж, хэрхэн эмчлүүлж, эдгэж байгаа талаар мэдээлэл өгөх байгууллага алга байна. Гэсэн ч СЭМҮТ-ийн эмч нарын хэлж буйгаар цахим орчинд донтсон хүүхдүүд 14 хоног эмнэлэгт хэвтээд бүрэн эдгэрдэггүй, маш уйгагүй сэтгэл судлаачтай хамтран ажилласнаар хагас жилийн дараа л хэвийн болох боломжтой гэх.
Ийм эрсдэлтэй бөгөөд чимээгүй тахал байдлаар хүүхдүүд болон хүмүүсийн оюун сэтгэлгээг эзэрхийлж байгаа цахим орчны дайралтад өртөхгүйн тулд хүн бүр хамгаалагч бамбайтай байх хэрэгтэй. Аюулгүй байдлаа хэрхэн хангаж, яавал сэрэмжилж болохыг тооцоолж чадвал мэдээллийн технологийн хөгжилтэй зохистой хөл нийлүүлэн алхаж, хэрэгцээт мэдээллээ авч чадах юм.
Тиймээс Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас санаачлан БСШУЯ, ЦЕГ-тай хамтран хүүхэд, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч нарт зориулсан цогц сургалт зохион байгуулахаар болж өнгөрсөн долоо хоногт 16 дугаар дунд сургуулийн сурагчдад "Цахим хэрэгслийг зохистой ашиглах нь" сэдвээр мэдээлэл өглөө.
Сургалтын хүрээнд ухаалаг гар утас, цахим хэрэгслийг интернэт орчинд хэрхэн зөв ашиглах, цахим орчинд үйлдэгддэг гэмт халдлагаас өөрийгөө хамгаалах, зохистой хэрэглээг дэмжих чиглэлээр мэдлэг олгож, СЭМҮТ-ийн эмч нар болон Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн алба хаагч нар илтгэл тавьж, хүүхдүүдтэй харилцан ярилцсан юм.
Байнгын хөл нь шивэртэй байх, хөл гарын алга хөлрөхөөс эхлээд дэлгэцийн донг оношлох олон арга байдаг гэлээ.
Цаашид тус газар энэ сургалтаа өргөжүүлж, ахлах ангийн сургачдыг сонгон сургагч багш нар болгон, улсын хэмжээний аян зохион байгуулах зорилттой байгаа юм байна.
Цахим орчинд аюулгүй байдлаа хангах чиглэлээр зөвхөн хүүхдүүдэд мэдээлэл өгөх нь хангалтгүй учраас эцэг эхчүүдэд, хамгаалах зорилготой ямар ямар программ байдаг, тэдгээрийг хэрхэн ашиглах талаар зөвлөгөө өгсөн сургалт ч хийх юм билээ.
"Цахим хэрэгслийг зохистой ашиглах нь" сургалтын үеэр 16 дугаар сургуулийн нийгмийн ажилтантай уулзахад тэрбээр өнгөрсөн жил хоёр, уржнан гурван хүүхдийг СЭМҮТ-д аваачиж, эмчлүүлсэн гэдгээ хэлсэн. Нэг сургууль дээрх жишээ ийм байхад улсын хэмжээнд тоо гаргавал бүр ч том аюулын харанга дэлдэх биз ээ.