
Монгол Улсын Гадаад харилцааны яам, АНУ-ын Төрийн департаментын хоорондын 11 дүгээр зөвлөлдөх уулзалтын үеэр АНУ-д богино хугацаагаар ажиллах хүч гаргах буюу АНУ-ын Н2 визийн хөтөлбөрт хамрагдах асуудлыг тавьсан, Америкийн тал Монгол Улсыг 2018 оноос эхлэн дээрх хөтөлбөрт хамруулах боломжтой талаар мэдэгдсэн билээ. Түүнчлэн манай улс АНУ-ын “Визээс чөлөөлөх хөтөлбөр”-т хамрагдах сонирхолтой байгаагаа илэрхийлж, хөтөлбөрт хамрагдах шалгуур нөхцлийг хангах хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гаргах чиглэлээр ажиллахаар тохиролцсон талаар Гадаад харилцааны яам мэдээлэл хийв.
Мөн ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд У Сунг урьж уулзан хоёр орны хооронд иргэд харилцан зорчих нөхцлийг шат дараалан хөнгөвчлөх, улмаар ирээдүйд харилцан визгүй зорчих боломжийг судалж үзэх асуудлаар санал солилцож, жилдээ 500 сая төгрөгөөс дээш татвар төлдөг монголын аж ахуйн нэгжийн удирдлага, ажилтнуудад олон удаагийн виз олгож байх хүсэлт бүхий ноот бичгийг өнгөрсөн 7 хоногт гардуулсан талаар дурдав.