
УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдаар ажиллаж байсан С.Зоригийн амь насыг 1998 оны аравдугаар сарын 2-нд хэрцгийгээр бүрэлгэснээс хойш 18 жилийн дараа гэм буруутай байж болзошгүй хүмүүсийг олж тогтоон, шүүхийн танхимд авчирлаа. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч М.Алдар, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг, улсын яллагчаар НПГ-ын хяналтын прокурор Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн, шүүгдэгч гурван хүн, хохирогчийн өмгөөлөгч, шинжээч нарын бүрэлдэхүүнтэйгээр өчигдөр 10.00 цагт хэргийг хэлэлцэхээр товлосон билээ. Шүүх хурлыг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн хурлын танхимд хийхээр болсон бөгөөд лхагва гаригийн 04.00 цагаас эхлэн тэндхийн хамгаалалтыг чангатгажээ.
Улмаар ЦЕГ, тагнуулын байгууллагынхан хүч нэмэгдүүлэн очсон бөгөөд 06.00 цагт Төв аймаг дахь хорих ангиас Ц.Амгаланбаатарыг авчирсан байна. Хэвлэлийнхэн 08.30 цагийн үеэс л тэр хавиар эргэлдсэн нь талийгаачийн дүү С.Оюун, эхнэр Д.Булган, Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл тэргүүтэй хүмүүс хуралд оролцож магадгүй гэж таамагласных. Гэвч тэдний хэн нь ч энд ирсэнгүй. Цагдаагийн хамгаалалттай машинаар хавтаст хэрэг, нотлох баримт болох цэнхэр хайрцагтай зүйлийг авчирсан юм. Нотлох баримтад мэдээж хохирогчийн өмсөж явсан хувцас, хэргийн газраас олдсон үс (Одоо байгаа, эсэх нь тодорхойгүй, зарим зүйл нь алга болсон гэх мэдээлэл бий) гэх мэт олон зүйл багтдаг.
Хурал товлосон цагаасаа хожимдож, нэг цаг 30 минутын дараа эхэлсэн нь сурвалжлахаар очсон бүх л хэвлэл, мэдээллийн байгууллагынхныг сайтар шалган нэвтрүүлэх үүрэг тагнуул, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын офицер, ахлагч нарт өгсөнтэй холбоотой. Энэ шүүх хурлыг сурвалжлахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт хэвлэл мэдээллийн 30-аад байгууллагын 55 сэтгүүлч хүсэлт гаргажээ.
“ДЦС-IV”-ийн урд талыг цагдаагийнхан эхэлж шалган, нэрсийг нь тулгаж нэвтрүүлсэн бол Цагдан хорих төвийн алба хаагчид үүдэн дээрээ, нэгдүгээр давхрын шатны дэргэд цагдаагийнхан, цаахна талд нь тагнуулынхан хүн нэг бүрийг нарийвчлан шалгаж оруулж байсан юм. Харин шүүгдэгчдийн ар гэрийнхнийг шүүх танхим руу бүү хэл, Цагдан хорих төв рүү ч ойртуулсангүй, дээрх уулзвараас цааш алхуулсангүй.
.jpg)
Хурлыг нээхээс өмнө шүүгдэгч Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг шүүх танхимд оруулж, суулгасан байв. 40 гаруй насны хоёр эрэгтэй, нэг эмэгтэй сууж буйн хамгийн эхнийх нь Ц.Амгаланбаатар аж. 11.28 цагт шүүгч нар орж ирэн, хурлыг нээлээ. Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн 91.2.4-захиалгаар, 91.2.6-өөр гэмт хэргийг нуун далдлах буюу хялбарчлах зорилгоор, 91.2.10-хүнийг санаатай бүрэлгэсэн хэргийг давтан үйлдсэн, 91.2.11-бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцон, 91.2.12-онц харгис хэрцгий аргаар, 91.2.13-нийтэд аюултай аргаар, 91.2.15-хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хөнөөсөн хэмээн буруутгасан.
Хэрэг гарах үед 1986 оны Эрүүгийн хуулийг мөрдөж байсан учраас тус хуулийн зарим зүйл заалтаар ч шүүгдэгчдийг буруутгасан байв. Даргалагч шүүгч М.Алдар нууцтай холбоотой хэрэг хэлэлцэж байгаа учраас гэж бодсон уу, эсвэл энэ хэргийг хэрхэн шийдвэрлэхийг харж сонсохыг хүссэн иргэдийн эрхийг боомилсондоо тэр үү, шүүгдэгч нарт сонсгосон зүйл ангийг танилцуулахдаа бараг л амандаа бувтнасан. Улсын нууцад авсан хэрэг хэмээн шинжээч дүгнэн, хаалттай хэлэлцэх болсон учраас үүнээс цааш ирц болон өөр ямар хүсэлт гаргасан, прокурор, шүүгдэгч, шүүгдэгчийн болон хохирогчийн өмгөөлөгч нар юу ярьсныг мэдээлэх боломжгүй болсон юм.

Прокурорын байгууллагын эх сурвалжууд “Энэ хэргийг хэлэлцэх үеэр улсын нууцад хамаарах мэдээ, баримт сэлт яригдах учраас л нууцад хамааруулсан, түүнээс биш хүний амь бүрэлгэсэн ердийн л хэргүүдийн нэг” хэмээсэн юм. Гэхдээ захиалгаар 91.2.4 гэсэн зүйл заалт орсон учраас хэн захиалав гэдэг нь эрхгүй анхаарал татна. Хэрэгт холбогдон шүүгдэгчийн ширээнд суусан байдлаас нь үзвэл Ц.Амгаланбаатар нь захиалж, нөгөө хоёр нь гүйцэтгэсэн бололтой.
Сэтгүүлчдийг шүүх танхимаас гаргасны дараа холбогдогч гурван хүний ар гэрийнхэнтэй уулзлаа. Шүүгдэгч Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа “Манайх Орхон аймагт фермийн аж ахуй эрхэлдэг, миний хүү ээжийнхээ дэргэдээс холдож үзээгүй. Ийм хэрэг хийгээгүй. Шүүх хуралд оролцохоор өнгөрсөн даваа гаригт ирж, хүсэлт тавьсан ч хүлээж авсангүй. Хүүхэдтэйгээ сард нэг удаа уулзахад “Ээж ээ, би хүний амь бүрэлгээгүй шүү” гэдэг. Манайх Ц.Амгаланбаатарынхтай хамар хашаанд амьдарч байсан. Есөн нас хүртэл нь түүнийг мэднэ” хэмээн ярилаа. Харин Б.Содномдаржаагийн ах, дүү нар нь “Содномдаржаа, Чимгээ нарыг Амгаланбаатар хэрэгт гүтгэж, татсан” хэмээж байв.
Шүүгдэгч Т.Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэн “Эхнэрийг маань ажилдаа явж байхад нь баривчилсан. Эмэгтэй хүнийхээ хувьд ийм хэрэгт холбогдож шалгагдаж байгаадаа тэр минь маш хүнд байгаа” гэв.
Ц.Амгаланбаатарын эгч нь “Бид нэг айлын өргөмөл хүүхдүүд. Дүү минь 2000 онд л анх хот орж ирж үзсэн. 1998 онд дүү минь 16 настай байсан шүү дээ” гэж байсан юм.
Ар гэрийнхнийх нь ярьснаас дүгнэхэд 18 нас хүрээгүй Чимгээ хүнтэй сууж, 16 настай хүү хүний амь бүрэлгэх захиалга авсан ч юм шиг. Хууль хяналтын байгууллагынхан нь сайтар нягталсан байгаа даа гэх бодол надад ч, уншигчдад ч төрж буй нь лавтай. Амьд гэрчтэй, танин олуулах ажиллагаа мөрдөн байцаалтын шатанд удаа дараа хийсэн нь лавтай. Шүүхийн хэлэлцүүлгийн үеэр ч гэрчүүдээс энэ хүмүүс мөн, эсэхийг бас лавлах нь гарцаагүй. Тиймдээ ч шүүгдэгчдийн өмгөөлөгч, гэрчүүдийг оролцуулах зайлшгүй шаардлагатай хэмээн хүсэлт тавьсан биз. Мөн өмгөөлөгч нь хавтаст хэрэгтэй гүйцэд танилцах боломж хүссэнээр хурал энэ сарын 21-ний 10.00 цаг хүртэл хойшиллоо.
Гэрчээр мэдээж талийгаачийн эхнэр Д.Булган дуудагдах нь гарцаагүй. Тэрбээр хэрэг гарсны дараахан мэдүүлэг өгөхдөө 40 эргэм насны хоёр хүн байсан талаар ярьсан байдаг. Гэтэл тухайн үед 20 хүрээгүй, өдгөө 40 орчим настай хүмүүсийг шүүж байгаад тайлбар өгөх бололтой. Мөн хүн амины хэрэг гарахад орцонд байгаад Булганы уяа хүлээсийг нь тайлсан хоёр хүний нэг дуудагдах бололтой. Өөр хэд хэдэн хүнийг дуудах юм билээ.
Хэрэг гарсны дараа сэжигтнүүдийн сууж зугтсан улаан машиныг зогсоон шалгаад явуулсан цагдаагийн офицерыг ч гэрчээр дуудах магадлалтай. Тэр офицер нэгдүгээр сургуулийн урд замд автомашин шалгаж байгаад тэднийг зогсоосон ч, мөнгө аваад явуулсан гэх үйлдэлдээ Ганцхудагт олон хоног хоригдсон, өдгөө ЦЕГ-т хурандаа цолтой ажиллаж буй аж.
Иргэд эдгээр хүний хэрэг үйлдсэн гэдэгт ихэд эргэлзэж буй бөгөөд гол хүмүүс нь хариуцлагаас мултарч, жирийн малчин, ажилчин хүмүүс хэлмэгдээд өнгөрөх вий гэж болгоомжилж буй.
Ц.Амгаланбаатарын хувьд 2007 онд таксины жолоочийн амийг хэрцгийгээр бүрэлгэсэн хэргээр ял шийтгүүлж, өдгөө ч эдлэх ёстой ялаа эдэлж дуусаагүй байгаа юм. Зарим иргэн “Шоронд ял эдэлж байгаа хүн нөгөө хоёрыгоо л уруу татаж, ял наймаалцчих шиг боллоо” хэмээн хардаж байна.
Энэ хэрэгт С.Зориг агсны эхнэр Д.Булган, Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл нарыг гэмт хэрэг нуун дарагдуулсан гэсэн үндэслэлээр сэжигтэн, яллагдагчаар татаж шалгасан бөгөөд хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас прокурор, шүүхийн шатанд шилжүүлэхдээ дээрх хоёр хүнийг шүүгдэгчээр татаагүй аж.