
Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан өчигдөр Японы “Sharp” корпорацын Эрчим хүчний салбарын ерөнхий менежер Тацуяа Сатотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав. Уг санамж бичгийн хүрээнд Багануур дүүрэгт 20 мВт хүчин чадалтай нарны цахилгаан станц байгуулж, тухайн бүс дэх айл өрхүүдийг эрчим хүчээр хангах аж.
Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсны дараа нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Багануур дүүрэгт буюу нүүрсний томоохон ордтой газарт сэргээгдэх эрчим хүчний тогтвортой эх үүсвэр бий болгох үүднээс уг төслийг хэрэгжүүлэх гэж байна.
Монгол Улсад сүүлийн 14 жилийн хугацаанд сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж ирсэн учраас “Sharp” корпорацтай хамтарч ажиллахаар сонгосон” гэлээ. Тус корпорацын үйлдвэрлэсэн өндөр үзүүлэлттэй зай болон хамгийн сүүлийн үеийн технологи, туршлагыг ашиглан, олон улсын стандартад нийцсэн нарны цахилгаан станц байгуулах ажлын эхлэл ийнхүү тавигдлаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн гуравдугаар бүлэгт бүхэлдээ байгаль орчин, ногоон хөгжлийн асуудал тусгагдаад байгаа. Энэ хүрээнд Улаанбаатар хотын агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах, ногоон хөгжилд тулгуурласан үйлдвэрлэлийг дэмжих, эдийн засгийн өсөлт бий болгож, иргэдийн амьдрах таатай нөхцөл бүрдүүлэх зорилт тавьсан юм.