
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн дүү, ЗГХЭГ-ын дэд дарга, “Эрдэнэс-Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга зэрэг өндөр алба хашиж байсан Г.Дэнзэн нарт холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр шилжүүлжээ. Нийслэлийн Прокурорын газраас Г.Дэнзэн, Я.Батсуурь зэрэг таван хүнд Эрүүгийн хуулийн 150.3, 263.2, 264.2, 266.2-т заасан эд хөрөнгө завшсан, төрийн албан тушаалтан албан тушаалаа урвуулсан, хэтрүүлсэн, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан албан тушаалаа хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн аж.
Эх сурвалжуудын мэдээлснээр Г.Дэнзэн хилээр гарч зугтаж магадгүй учраас цагдан хоригдсон хэвээрээ бол бусад холбогдогч нь батлан даалтад буй гэнэ. Уг хэрэгт Г.Дэнзэнгийн эхнэр Г.Уянгыг гэрчээр байцаасан бөгөөд өдгөө тэрбээр харийг зориод хараахан ирээгүй юм байна. Г.Дэнзэнг “Эрдэнэс-Таван толгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа эхнэр Г.Уянгынхаа нэр дээр байдаг “Говь повер” компанийг тендерт ялуулж, 17 тэрбум төгрөг шилжүүлэн завшсан хэрэгт буруутгаж буй билээ.