
“Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдаж, “Хангай” хотхоны байранд орохоор хүлээсэн иргэд өчигдөр Барилга, хот байгуулалтын яамны гадаа цуглаж, холбогдох албан тушаалтнуудтай уулзлаа. Уг хотхоныг есдүгээр сарын 1-нд ашиглалтад орно хэмээн Төрийн орон сууцны корпорац” (ТОСК) ТӨҮГ иргэдтэй гэрээ байгуулсан ч өнөө байр нь цахилгаангүй байсан аж. Үүний улмаас 240 гаруй иргэн байрандаа орж чадаагүй гэнэ. Иргэн Д.Батбаатар “Сугалаанд хожиж түрээсийн байранд амьдрах болсондоо маш их баярласан.
Гэвч тав зургаан компанийн хүнд суртлаас болж бүтэн дөрвөн сар айлын хажуу өрөөнд амьдарч байна. Энэ асуудлыг шийдүүлэх гээд их л хөөцөлдлөө. Долоо, 14 хоног гэж хойшлуулсаар байгаад нь бухимдаж байна. Тус хотхонд орно гээд цэцэрлэгт нь хүүхдээ өгсөн хүмүүс өдгөө хаа байсан Ханын материал, Амгалангаас хүртэл хүүхдээ зөөдөг. Өөрсдийн гэсэн орон гэргүй хүмүүст санхүүгээс эхлээд хүндрэлтэй шүү дээ. Тиймээс асуудлыг яаралтай шийдэхийг Барилга хот, байгуулалтын яамнаас хүсье” гэв.
Харин тус байрны цахилгааны инженер Б.Баттүвшин “Зөвхөн гурван байр цахилгаангүй байгаа юм биш. Бүхэл бүтэн хорооллыг цахилгаанаар хангахаар хуваарилах дөрвөн байгууламж, хаалттай 13 дэд өртөөтэй цогц станц барьж байна. Өнөөдрийн (өчигдөр)-ийн байдлаар ажлаа дуусаад, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК цахилгаан дамжуулахад бэлэн болсон. Маргааш (өнөөдөр)-наас хуваарилах дөрвөн байгууламжид 72 цаг туршилт явуулна. Асуудал гарахгүй бол 13 дэд өртөөг мөн 48-72 цаг туршина. Ингээд асуудалгүй бол уг хотхонд хүмүүсийг оруулна” хэмээв.
ТОСК-ын ерөнхий захирал Ж.Хичээнгүй “Уг нь бэлэн болсон байранд сугалаагаар иргэдийг оруулна” гэсэн журам бий. Гэвч өмнөх удирдлагууд яагаад цахилгаангүй байранд иргэдийг оруулах гэрээ хийснийг мэдэхгүй байна” гэв. БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн “Та бүхний асуудлыг шийдэхээр бид Эрчим хүчний яамныхантай ярилцсан. Ирэх даваа гаригаас байранд нь оруулна” гэлээ.