
Хүний амьдралын салшгүй хэсэг болсон, халаасны хулгайчдын хамгийн түрүүний олзонд очдог зүйл бол гар утас. Уг нь хууль сахиулах байгууллагынхны хэлж буйгаар үүрэн холбооны үйлчилгээ үзүүлэгч компаниуд үйлчилгээндээ нэг л программ нэмчихвэл хулгайн утсыг ашиглах боломжгүй болж, энэ төрлийн гэмт хэрэг эрс багасах юм гэсэн. Харамсалтай нь, зарим компани ийм ажил хийх дургүй байдаг аж. ЭЦГ-аас “Мобиком”-д дээрх асуудлаар нэг бус удаа албан тоот хүргүүлсэн ч үл ойшоосоор байгаа гэнэ.
Тэгвэл Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд үүрэн телефоны үйлчилгээ үзүүлэгч “Скайтел” компанийнханд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн талаар сургалт явуулсан байна. Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн ерөнхий ойлголт болон бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх гэсэн хоёр хэлбэрийн талаар прокурорууд тодорхой төрлийн гэмт хэргийн жишээнд дэлгэрэнгүй тайлбарлажээ.
Эрүүгийн хуульд үрэгдүүлэх гэдэг нь гэмт этгээдэд итгэмжлэн өгсөн өмчлөгчийн эд зүйлс, өмч хөрөнгийг хууль бусаар, үнэ төлбөргүйгээр ашиглаж бусдад худалдах, бэлэглэх, үгүй хийх, шилжүүлэх гэх зэргээр илэрдэг аж. Тиймээс хулгайлсан утсыг дамжуулан худалдсанаар эрүүгийн хариуцлагад татагдах үндэслэл болно гэдгийг прокурорууд үүрэн холбооны “Скайтел” компанийн ажилтнуудад анхааруулсан аж.