
Одоогоос хоёр жилийн өмнө "Хэн нэгэн” иргэний хөрөг нэвтрүүлэгт оролцсон таван хүүхдийн эцэг, таксины жолооч Т.Даваасүрэн гэгч залуугийн эгэл амьдралын өнөөгийн дүр зургийг харуулсан яриа олон нийтэд үнэлэгдэж, олны дунд "Мундаг аав" хэмээн нэрлэгдээд байсан билээ. Гэвч Т.Даваасүрэн гэгч залуу маань зуурдаар бурханы оронд одож, гэр бүлдээ нөхөж баршгүй орон зайг үлдээгээд буцсан харамсалтай мэдээ удалгүй цахимаар тарж, олон мянган хүмүүс таван хүүхэд эхнэрт нь эмгэнэл илэрхийлж байсан билээ.
Стандарт проперти группын "Шинэ Толгойт Орон Сууцжуулах Хөтөлбөр" төслийн хамт олны зүгээс Т.Даваасүрэн агсны гэр бүлд өөрсдийн барьж ашиглалтанд оруулсан “Шинэ толгойт” төслөөс 2 өрөө байр бэлэглэх болсныг тухайн үед дуулгаж байсан бол өчигдөр гэргий Амаржаргал болон түүний таван хүүхдийг шинэ байранд нь хүлээн авч 2 өрөө байрны түлхүүрийг нь гардуулж өглөө.


