
Дархан-Уул аймагт одоогоос таван жил орчмын өмнө шил шилээ дарсан дэлбэрэлт болж байсан билээ. Орон сууцанд ахуйн хий тэсэрсний дараахан “Дарханы гурил тэжээл” компанийн буудай хадгалдаг элеватор дэлбэрч байв. Тухайн үедээ дуулиан шуугиан дэгдэж байсан ч хүний амь нас эрсдээгүй, ноцтой хохирол учраагүй болохоор тэгсхийгээд намжсан юм. Үүнийг сануулахын учир нь “Дарханы гурил тэжээл”-ийн дэлбэрсэн элеваторыг сэргээн засчихаад, шинээр барьсан хэмээн улсын төсвөөс 16 тэрбум төгрөг завшсан байж ч болзошгүй нь. Сангийн яамны эх сурвалжаас авсан мэдээллээр улсын төсвөөс 16 тэрбум төгрөг гарчихаад байгаа гэнэ.
2014 онд тухайн үеийн Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр Дархан-Уул аймагт үр тариа хадгалах 36.0 тн-ын багтаамжтай, төмөр бетон хийцтэй элеватор худалдан авах тендер зарласан юм. ТШ/2014/УТ/ЭЛ-/Бараа гэсэн дугаартай энэ тендерээ тухайн үед өдөр тутмын хоёр ч сонины 2014 оны хоёрдугаар сарын 26-ны дугаарт нийтлүүлж байв. Мэдээж Төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэж буй учраас үүнийгээ тухайн оны төсөвт суулгах учиртай.
.jpg)
Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийн Хүнс, хөдөө аж ахуйн сайдын багцын “Шинэ” гэсэн дэд хэсэгт Газар тариалангийн бүтээгдэхүүний агуулах / Дархан-Уул/ 2014 онд барьж, 2015 онд ашиглалтад хүлээн авахаар 16 тэрбум төгрөгийн хөрөнгө зарцуулах, үүний найман тэрбумыг нь тэр оны улсын төсвийн хөрөнгөөс гаргахаар болжээ.
Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтын Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын багцын XXI.1.6-д Газар тариалангийн бүтээгдэхүүний агуулах /Дархан-Уул/ хэмээн орсон бол, 2014 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулахдаа XXI.1.8-д нь хөрөнгө оруулалтын хэмжээ, ашиглалтад орох хугацаа зэрэг нь яг тэр чигээр нь оруулсан байгаа юм. 2014 оны хоёрдугаар сарын 26-нд зарласан тендерт “Дарханы гурил тэжээл”, “Хит констракшн” хэмээн дотоодын, “Эм Би инженеринг” гэх гадаадын хөрөнгө оруулалттай компани материалаа бүрдүүлж өгсөн бөгөөд явцын дунд “Хит констракшн” нь элеваторын ажлын туршлагагүй байснаас ч болсон уу, ямар нэг байдлаар нэрээ татаж, “Дарханы гурил тэжээл” компани шалгарчээ.
Түүний дараа тус аймгийн ҮХААГ-ын хүнсний үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн Г.Тунгалаг “2014 онд “Дархан гурил тэжээл” компани “Элеватор худалдан авах тендер”-т оролцож, үр тариа хадгалах 36.0 мянган тн-ын элеваторыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна” гэж http://darkhantimes.com/ цахим хуудсын сурвалжлагчид ярьсан байв.
Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд шинээр барихаар зааж, найман тэрбумыг гаргахаар болсон байтал өнөөдөр Дарханы гурил тэжээлийн үйлдвэрийн хашаанд шинээр барьсан элеватор байхгүй, хуучныг нь сэргээсэн хэмээн орон нутгийн эх сурвалжууд хэлж байгаа юм. Харин хуучин, дэлбэрч хагарсан элеваторыг засаж, будаад төрд буцаагаад өгсөн бололтой. Үүнд 3.5 тэрбум төгрөг л зарцуулсан гэх мэдээлэл байна.
Төрөөс төрсөн тэрбумтан гэж ярьж бичээд байдаг. Хууль тогтоогчид маань энэ мэтээр төсвөөс хөрөнгө луйвардаж, тэрбумтан болоод байдаг юм биш биз гэсэн хардлага төрүүлж байна. Сангийн яамны эх сурвалжийн өгсөн мэдээллээр улсын төсвөөс найман тэрбумыг нь, “Чингис” бонд-ын хөрөнгөөс үлдсэнийг нь гаргасан гэнэ.
Үүнээс үзэхэд яалт ч үгүй 16 тэрбум төгрөг улсын сангаас гарчихаж. Харин боссон бүтээн байгуулалт алга. Үүнийг АТГ, ЦЕГ, прокурор зэрэг хууль хяналтын байгууллага анхааралдаа авч шалгаж нялталбал зүгээр сэн. Эдийн засаг уналтад орчихоод байгаа нь энэ мэтээр төсвийн хөрөнгөөс идэж шамшигдуулдагтай холбоотой байж ч болзошгүй. “Чингис” бонд болон улсын төсвөөс авсан 11-12 тэрбум төгрөгийг нь буцаан төлүүлж, жил бүрийн есдүгээр сарын 1 дөхөхөөр иргэдийг бухимдуулж байдаг цэцэрлэг, сургууль барих хөрөнгө оруулалтад зарцуулж болмоор санагдана.