

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бусдаас дутахгүй хийж, бүтээж чадна гэдгийг нотолж, үлгэрлэж яваа бүсгүй бол Б.Болороо.
Өөрийн цахим хаягаараа дамжуулж хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудлуудын талаар гурван удаа цуврал бичлэг хийж, бусдынхаа дуу хоолой нь болсноор нь түүнийг манай уншигчид андахгүй.
Түүний бичлэг Ерөнхийлөгчийн сонорт хүртэл хүрч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар буруу ойлголттой явдаг зарим хүний хандлагыг өөрчилж чадсан нь лав.
Б.Болороо JICA (Олон улсын хамтын ажиллагааны байгууллага)-аас зохиосон "Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдлын тухай сургалт"-нд хамрагдаж, сертификатаа гардан авчээ.
Энэ тухайгаа тэрбээр өөрийн цахим хаягтаа "За өнөөдөр миний хувьд маш сайхан өдөр болж байна. Учир нь ЖАЙКА-аас зохион байгуулсан "Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдлын тухай сургалт"-нд хамрагдаж, Сургагч багш болж байна.

Дэлхийн 36 орны 380 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг сургагч багшаар бэлтгэсэн энэхүү сургалтыг Монголд анх удаа зохион байгуулсан юм.
Сургагч багш гэдэг нь аливаа байгууллага, хувь хүнд хөгжлийн бэрхшээлийн талаар зөв ойлголт, хандлага өгөх маш хариуцлагатай хүн юм.
Анхдагчдын нэг болсондоо маш их баярлаж байна.

Анх нийгэмд гарч ирэхдээ л хүмүүсийн ойлголт хандлагыг өөрчлөх гэж бичлэг хийж байсан. Харин цаашдаа өөрийн туйлын хүслээ өндөр түвшинд /мэргэжлийн/ биелүүлж чадах болсондоо баяртай байна" хэмээн нийтэлжээ.