
Монголын үндэсний олимпын хороо, Монголын спортын сэтгүүлчдийн холбооноос хамтран зохион байгуулдаг “Бөртэ чоно-2016” ёслол өнгөрсөн баасан гаригт боллоо. Спортын салбарын шилдгүүдийг тодруулах уг ёслол 2002 оноос хойш 15 дахь жилдээ болж буй юм. Энэ жил шилдэг тамирчинд 22, дасгалжуулагчид 11, шилдэг залуу тамирчинд тав, мөн таван баг дэвшсэн байна. Тэднийг спортын сэдвээр дагнаж бичдэг 73 сэтгүүлчийн саналаар тодруулсан юм.
Энэ үдшийн баатрууд нь Риогийн олимпод гялалзсан тамирчид байлаа. Шилдгийн шилдэг эрэгтэй тамирчнаар олимпын хүрэл медальт боксчин Д.Отгондалай хамгийн олон буюу 211 оноогоор тодорсон бол паралимпын хүрэл медальт Э.Содномпилжээ, Б.Ууганхүү нар “Бөртэ чоно” гардлаа.
Эмэгтэйчүүдээс олимпын мөнгөн медаль хүртсэн жүдоч бүсгүй Д.Сумъяа 204 оноогоор манлайлсан бол хүндийн өргөлтийн залуу тамирчин М.Анхцэцэг, чөлөөтийн ДАШТ-ий хошой медальт болсон Д.Отгонцэцэг нар шагнал хүртлээ. Д.Сумъяагийн хувьд өнгөрсөн онд дэлхийн аварга С.Батцэцэгийн ард жагсаж, “Бөртэ чоно” шагналыг авч байсан бол Д.Отгондалай хоёр жилийн өмнө уг шагналын эзэн болсон билээ. Гэхдээ тэд анх удаа бусад тамирчнаа манлайлж, оны шилдгээр нэрлэгдсэн юм.
Налуу замын дугуйн оюутны ДАШТ-ээс алтан медаль хүртсэн Б.Тэгшбаяр 26 оноогоор шилдэг залуу тамирчнаар тодров. Түүний ард тэшүүрийн Б.Сумъяа 20, даамын М.Шийрэвжамц найман оноогоор удааллаа. Монголын жүдо бөхийн холбооныхон “Бөртэ чоно”-ыг “бөөндсөн” юм.
Оны шилдгийн шилдэг холбоогоор тодорч, шилдэг ерөнхийлөгчөөр Х.Баттулга тодорсон. Түүнчлэн шилдгийн шилдэг дасгалжуулагчаар Х.Эрдэнэт-Од, шилдэг дасгалжуулагчаар пара жүдогийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ч.Базарсүрэн, шилдэг шүүгчээр Риогийн олимпыг дэнсэлсэн М.Бөхбат нар нэрлэгдлээ. Х.Эрдэнэт-Од Гавьяат тамирчин байхдаа гурван удаа “Бөртэ чоно” хүртсэн. Хожим дасгалжуулагчийн хувиар өнгөрсөн онд уг цомыг атгасан бол энэ удаа шилдгийн шилдгээр нэрлэгдлээ.