
Чойбалсан-Хөөт, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын техник, эдийн засгийн үндэслэлийг БНХАУ-ын “Си Ар И Си” компани өөрийн хөрөнгөөр боловсруулахаар болжээ. “Монголын төмөр зам”-ын гүйцэтгэх захирал Х.Хэрлэн тус компанийн удирдлагуудтай өчигдөр санамж бичиг байгуулж, хамтын ажиллагаагаа баталгаажуулсан байна. “Си Ар И Си” компанийн төмөр замын ТЭЗҮ-ийг олон улс болон үндэсний стандартад нийцүүлэн боловсруулж, “Монголын төмөр зам”-д үнэ төлбөргүй хүлээлгэн өгөх аж. Засгийн газрын өнгөрсөн 21-ний хуралдаанаар Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам барьж байгуулах тухай тогтоолын төслийг дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон билээ.
Чойбалсан-Хөөт чиглэлийн төмөр зам 192 км урт байх юм. УИХ-ын 2014 оны 64 дүгээр тогтоолд уг замыг 1520 мм-ийн царигтайгаар тавихаар тусгасан. Иймээс цаашлаад БНХАУ-ын төмөр замаар дамжин өнгөрч, далайн боомтоор гуравдагч оронд бүтээгдэхүүн тээвэрлэх боломжтой. Түүнчлэн төмөр замын трассын дагуух зурвас газарт хээрийн болон археологи, палентеологийн судалгааны ажлыг 2013 онд хийж дуусгажээ. Мөн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийж, техникийн зураг төслийг боловсруулсан байна.
Төслийн хүрээнд ТЭЗҮ-ийг 2017 оны эхний хагас жилд багтаан гүйцэтгэж, нийт 281 орчим км төмөр замын барилгын ажлыг 2018-2020 онд барьж дуусгахаар төлөвлөжээ. Эдгээр төмөр замаар жилд доод тал нь 15 сая тонн ачаа тээвэрлэх тооцоо гаргасан гэнэ.