
Улаанбаатар хотын зүүн хэсгийг дулаанаар хангадаг “Амгалан” ДЦС нүүрсгүй болж, шугам хоолой хөлдөх аюул нүүрлээд байна. Учир нь “Амгалан” өртөөнөөс тус станц руу нүүрс тээвэрлэх төмөр зам усанд автжээ. Чухам юу болсон талаар Баянзүрх дүүргийн X хорооны Засаг дарга А.Эрдэнэсайхан “Өнгөрсөн баасан гаригт манай хорооны 16 дугаар хэсгийн хоёр айлын зуухан доороос гэнэт булаг оргилон, хэд хэдэн айл усанд автсан. Уг булгийн ус доош урсаж, төмөр зам орчимд тогтож, хөлдөөд галт тэрэг явах боломжгүй болгосон. Бид холбогдох газруудад тэр даруй мэдэгдсэн” гэв.
Өнгөрсөн баасан гаригийн 16.00 цагт хорооноос “Амгалан” өртөөний даргад төмөр замаа хамгаалах шаардлагатай байгааг сануулсан албан бичиг хүргүүлсний дагуу өртөөнийхөн даруй арга хэмжээ авч эхэлжээ. Түүнээс хойш шөнийн цагаар станц руу нүүрс оруулах боломжгүй болж, “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн ажилчид өглөө бүр мөсийг цэвэрлэж, нүүрс зөөдөг болжээ.
Өчигдөр 11.30 цагийн орчимд тэнд очиход төмөр замын 50 орчим метр нь мөсөнд дарагдсан байв. Гэтэл “Амгалан” өртөөн дээр тус станц руу аваачих ёстой 23 вагон нүүрс байлаа. “Амгалан” ДЦС-ын ажилтан “Өнгөрсөн шөнө нүүрс оруулаагүй. Замын мөсийг цэвэрлэж, 10.30 цагийн орчимд найман вагон нүүрс оруулсан. Үүнийг буулгасны дараа дахин нүүрс оруулна” гэсэн юм.
Тухайн хэсгийн иргэдийн хэлж буйгаар Шар булгийн ус айлуудын дундуур урсаж, ус зайлуулах хоолойд ордог аж. Гэвч хоёр айл тус хоолойг битүүлж, буусан гэнэ. Улмаар булгийн усыг гэр рүүгээ оруулахгүйн тулд Цагдаагийн аж ахуйн хашааны дэргэдэх авто замыг сэтэлж, урсацыг нь өөрчилжээ. Үүнээс нь болж ийнхүү төмөр зам ус, мөсөнд автсан аж. Одоогоор мөн л шороо овоолж, булгийн урсацыг өөрчлөх түр зуурын арга хэмжээ авч байна. Хэрэв байдал энэ хэвээр үргэлжилбэл, дулааны станц руу нүүрс оруулж чадахгүйд хүрэх нь. Эх сурвалжийн мэдээлж буйгаар дулааны станцад хоёр цаг тутам найман вагон нүүрс буулгаж байх учиртай аж. Гэтэл өдгөө 12 цагт найман вагоныг буулгаж буй ажээ.