
“Ийгл” телевизийн “Ийглийн мэдээ” хөтөлбөрөөр цацсан, хүүхдэд зориулсан хэл яриа, харилцааны чадварыг хөгжүүлэх сургалтын талаар асуудал хөндсөн нэвтрүүлэгт ёс зүйн зөрчил гаргаж, миний нэр хүндийг гутаасан хэмээн нэгэн иргэн Хэвлэл мэдээллийн зөвлөл (ХМЗ)-д гомдол гаргажээ. Уг гомдлыг Радио, телевизийн ёс зүйн хороо хэлэлцээд, олон нийтийн эрх ашгийн төлөө тодорхой сэдэв хөндөн эрх бүхий байгууллага болон мэргэжлийн багш нараас авсан албан ёсны эх сурвалж бүхий мэдээ, нотлох баримтад тулгуурласан, олон талын эх сурвалж ашиглан мэргэжлийн сэтгүүл зүйн хүрээнд хийгдсэн гэж үзэж, Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын хил хязгаарыг хэтрүүлээгүй гэж дүгнэжээ.
Радио, телевизийн ёс зүйн хороогоор хэлэлцсэн дараагийн гомдол нь МҮОНТ-ийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр дундуур арваннэгдүгээр сарын 8-нд нэвтрүүлсэн шуурхай мэдээтэй холбоотой байв. Гомдол гаргасан иргэн өөрийнх нь алдар хүнд, ажил хэргийн нэр төрийг гутаасан, хэт нэг талыг барьсан, тэнцвэргүй, мэдээллийн үзэн зөвийг шалгаж нягтлаагүй, баримт нотолгоогүй мэдээллийг орон даяар цацсанд гомдолтой байгаагаа ХМЗ-д илэрхийлжээ. Үүнийг ХМЗ хэлэлцээд МҮОНТ-ийн “Монголын мэдээ” сувгийн нэрийг дурдаж, гаргасан зөрчлийг нь олон нийтэд мэдээлэхээр шийдвэрлэсэн байна.
Дашрамд дурдахад, ХМЗ 2016 онд хэвлэл мэдээллийн 41 байгууллагатай холбоотой 12 гомдол хүлээн авч хэлэлцжээ. Үүнээс нэг гомдолд ёс зүйн зарчим зөрчөөгүй гэсэн хариу өгсөн бол хоёр гомдлыг үндэслэлтэй гэж үзэн, зөрчил гаргасан хэвлэл мэдээллийн байгууллагын нэрийг нийтэд зарласан байна. Мөн нэрийг нь зарлахгүйгээр тухайн редакцад сануулсан таван шийдвэр гаргав. Гурван иргэн гомдлоо буцаан татсан бол нэг гомдлыг үндэслэлгүй гэж ХМЗ үзсэн байна.