Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл (МСНЭ)-ээс “Чөлөөт хэвлэл, ардчиллын баталгаа” уриан дор “1000 сэтгүүлчийн форум”-ыг өнгөрсөн баасан гарагт зохион байгууллаа. “Сэтгүүл зүйн ёс зүй, эрх чөлөө, хариуцлага ба олон нийтийн итгэл” гэсэн ерөнхий сэдвийн дор судлаачид, сэтгүүлчид, ахмад үеийн төлөөллүүд салбарын өнөөгийн нөхцөл байдал, нийтлэг алдаа, тулгамдсан асуудал, санхүүжилтийн механизм болон редакцын бодлого, мэргэжлийн стандарт, хариуцлагын тогтолцоо, мэдээллийн үнэн зөв байдал, эх сурвалжийн хамгаалалт, сэтгүүлчийн эрх, аюулгүй байдал, мэргэжлийн үйл ажиллагаанд учирч буй саад, дарамт, эрсдэл, хэвлэн нийтлэх эрх чөлөөний талаар хэлэлцсэн юм.
Форумыг нээж, МСНЭ-ийн ерөнхийлөгч Л.Нинжжамц “Өнөөдөр бид баяр ёслол тэмдэглэх гэж цуглаагүй. Салбарынхаа алдаа завхрал, тулгамдсан асуудал, эрх чөлөө, хараат бус байдал, мэргэжлийн нэр хүнд, ирээдүйнхээ төлөө нээлттэй, зоригтой ярилцахаар цуглаад байна. Бүгдээрээ үнэнийг ярихаас эмээх, өөрсдийнхөө алдааг нуух ёсгүй. Бусдын бурууг шүүмжилдэг хэрнээ өөрсдийнхөө бурууг хаацайлж болохгүй. Сэтгүүл зүйг хэн нэгэн аварна гэж хүлээх биш, дотооддоо салбарынхаа нэр хүнд, эрх чөлөө, ирээдүйн төлөө хариуцлага хүлээх ёстой. Чөлөөт хэвлэл бол ардчиллын баталгаа. Сэтгүүлчид эрх мэдэлтнүүдийн суртал ухуулагчид биш. Сэтгүүл зүй бол улс төрчдийн зодооны талбар, бизнесийн бүлэглэлийн захиалгын хэрэгсэл, хэн нэгнийг дарамтлах зэвсэг ч биш. Чөлөөт хэвлэлийн үндсэн үүрэг бол олон нийтийн мэдэх эрхийг хангах, хамгаалах, төрийн үйл ажиллагаанд хяналт тавих, нийгэмд болж буй үйл явдлыг баримтад тулгуурлан мэдээлэх, шударга ёсыг шаардах явдал билээ. Гэвч өнөөдөр энэ зарчмаасаа хэр холдсон бэ гэдгээ өөрсдөөсөө асуух цаг иржээ. Бидэнд эдийн засгийн хувьд тогтвортой, редакцын хувьд хараат бус, хүний нөөцийн хувьд чадварлаг, мэргэжлийн ёс зүйтэй, олон нийтийн итгэлийг даах хэвлэл мэдээллийн байгууллагууд хэрэгтэй байна” гэв.
Мөн форумаар мэдээлэл авах, сэтгүүлчийн эрхийг хамгаалах хууль, эрх зүйн орчин, хамтын ажиллагаа, ёс зүйн хэм хэмжээг редакц, хэвлэл мэдээллийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд мөрдүүлэх, мэргэжлийн алдаа, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, засаж залруулах, салбарын нэр хүнд, олон нийтийн итгэлийг сэргээх арга зам, хариуцлагатай сэтгүүл зүйг төлөвшүүлэх зэрэг асуудлаар илтгэл хэлэлцүүлэн, санал солилцож, “Сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүйн тунхаг”-ийн төслийг танилцуулж, баталсан юм.
О.Оргилох