Авлигын эсрэг хуульд зааснаар нийтийн албан тушаалтнууд өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, хөрөнгийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй. Жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор нийтийн албан тушаалтнууд Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)ээ бүртгүүлэх ёстойг ч хуульчилсан. Тухайн мэдүүлгийг АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийнхэн хянаж, хөрөнгө нь хууль ёсны орлогоор бий болсон, эсэх, эх үүсвэр нь үндэслэлтэй юү, үгүй юү гэдгийг нягталдаг. Тус хэлтсийнхэн төрийн захиргааны албан хаагчдаас гадна төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтнуудын ХАСХОМ-ийг иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр болон төлөвлөгөөт хяналтын хүрээнд шалгасаар буй юм.
Энэ оны эхний 10 сарын байдлаар нийт 140 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаснаас 79 нь өөрийн болон гэр бүлийн гишүүний орлого, хөрөнгийг мэдүүлээгүй, эсвэл худал мэдүүлсэн байжээ. Тэднээс 51 албан тушаалтанд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8 дахь хэсэгт заасны дагуу зохих хариуцлагыг тооцуулсан гэнэ. Тухайлбал, “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Дэд бүтэц, ложистикийн газрын дарга Н.Дүгэрсүрэн, нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга С.Саранцэцэг зэрэг есөн албан тушаалыг уг хуулийн 13.8.4-т заасны дагуу нийтийн албанаас халахаар болжээ. Авлигын эсрэг хуулийн эл зүйл заалтад “Нэг жилийн цалинтай тэнцэх буюу түүнээс их хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй, худал мэдүүлсэн, эсхүл хөрөнгө, орлогын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, гаргахаас татгалзсан бол албан тушаалаас нь огцруулах буюу ажлаас халах” арга хэмжээ авахаар тусгасан байдаг.