Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 387 жилийн ой өчигдөр боллоо. Эл өдрийг тохиолдуулан Эзэн богд Чингис хааны эш хөрөг, “Монголын нууц товчоо”-нд хүндэтгэл үзүүлэн, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүлэх хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулав. 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн, Өргөө хотыг байгуулснаар нийслэлийн суурийг тавьсан түүхтэй. Ингэснээр жил бүрийн аравдугаар сарын 29-ний Нийслэлийн өдрөөр бүх нийтээрээ үндэсний өв соёлоороо бахархах, түүхэн ой санамжаа бэхжүүлэх арга хэмжээ зохион байгуулдаг уламжлал тогтсон юм.
Ойн хүрээнд нийслэлийн соёл, урлагийн өвийг түгээн дэлгэрүүлэх, түүх, онцлог, өнгө төрхийг илэрхийлсэн бүтээлүүдийг олон нийтэд хүргэх, хотын брэнд бий болгох зорилгоор “Улаанбаатар” пянз бүтээж, олны хүртээл болголоо. Уг пянз нь хотын соёл, урлагийг хойч үедээ өвлүүлэн таниулахын зэрэгцээ олон улсад мөн үүх түүхээ сурталчлах ач холбогдолтой гэв.
Үүний талаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Ариунбаатар “Энэхүү пянзанд үндэсний өв соёл, хотын өнгө төрхийг дуу хөгжмөөр дамжуулан илэрхийлэхүйц бүтээлүүдийг багтаасан. Тухайлбал, “Миний Улаанбаатар”, “Дөрвөн уул”, “Хангардийн дуулал”, “Үйлсийн сайхан Улаанбаатар”, “Улаанбаатарын тухай дуу”, “Улаанбаатарын үдэш”, “Ай наанаа”, “Айсуй хүлгийн төвөргөөн” зэрэг хөгжмийн бүтээл орууллаа. Түүнчлэн үндэсний хөгжмийн “Хангарди” найрал, Соёлын тэргүүний ажилтан Б.Эрхэмбаярын удирдлага дор хөгжимдсөн, хөгжмийн зохиолч Цэн.Эрдэнэбатын “Хангарди”, С.Мөнхбатын “Модун”, О.Чинбатын “1963”, Х.Алтангэрэлийн “Тусгаар Монгол Улс”-ыг багтааснаараа онцлог болсон” гэв.
О.Бат