ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат өчигдөр БНСУаас Монголд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзжээ. БНСУ-ын зүгээс “Монголын хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог бий болгох, “Малын гаралтай бүтээгдэхүүний аюулгүй байдлын тогтолцоо байгуулах” зэрэг цөөнгүй төсөл, хөтөлбөрийг KOICA, KOPIA байгууллагуудаар дамжуулан хэрэгжүүлдэг. Улмаар талууд эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг ирэх жил байгуулж, Монголын үхрийн махны 25-40 хувийн татварыг таван жилийн хугацаанд бүрэн чөлөөлөх боломжтойг ярилцжээ. Мөн гурвалжин будаа, ногоон тэжээл болон хуш модны самрын нийлүүлэлтэд анхаарч, ялангуяа самрыг агаараар тээвэрлэвэл зардал буурах боломжтойг манай талаас мэдээлэв. Түүнчлэн дотоодод ахиу тариалдаг улаан буудай, төмс зэрэг хямд үнэтэй, овор ихтэй бүтээгдэхүүний экспортын гарцыг судлах талаар Ц.Идэрбат дурдан, малын гоц халдварт өвчний асуудлыг шийдвэрлэж, БНСУ-ын мах, махан бүтээгдэхүүний стандартад нийцүүлэх шаардлага бийг онцлов.
С.Цэрэн