УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин шүүх засаглал, шүүхийн хариуцлага болон Үндсэн хуулийн зарчим алдагдаж буй асуудлыг өчигдрийн “4:11 мэдээллийн цаг” хэвлэлийн бага хурлын үеэр хөндлөө. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “шүүхээс хэрэг буцаах” тухай ямар нэгэн заалт, зохицуулалт байхгүй атал шүүгчид өнөөдрийг хүртэл 1700 орчим хэргийг буцааж, хууль зөрчсөнийг тэрбээр хэлэв.
Энэ талаар “Үндсэн хуульд “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн тооцож үл болно”, “Шүүх хараат бус байж гагцхүү хуульд захирагдана” гэж заасан байдаг ч манай улсын шүүгчид хэргийг эцэслэн шийдвэрлэдэг биш, буцаадаг “жонглёрчин” болж хувираад байна.
Монголын шүүхэд шүүгчид бус, прокурорууд суудаг болж. Тиймээс тэд хуульд байхгүй үндэслэлээр хэргийг шүүх шатнаас буцааж, олон хүнийг хохироож байна.
Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан “Иргэний шударгаар, нэн даруй шүүхээр хэрэг маргаанаа шийдвэрлүүлэх эрх” бодит байдалд хэрэгжихээ больсон. Хэрэг маргаан дунд шатанд эргэж буцсаар 8-10 жил сунжирдаг, хугацаа нь хэмжигдэхгүй болдог гажуудал бий боллоо” гэсэн юм.
АН-ын зүгээс эл асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах нь зүйтэй гэсэн саналд хүрээд байгаагаа ч хэлэв. Түүнчлэн Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор тус намаас нэр дэвших өндөр магадлалтай хүмүүсийг хууль, шүүхийн байгууллага руу “татах” гэж удаа дараа оролдож буйг дурдсан юм.
Н.Мишээл