Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ)-аас ноос, ноолуурын салбарт хэрэгжүүлж буй “Аж ахуйн нэгж, байгууллагын бүтээмж, өрсөлдөх чадвар, засаглалыг бэхжүүлэх” (SCORE) хөтөлбөрийн 2026 оны үр дүнг танилцуулах, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Энэ үеэр ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж “ОУХБ-аас ноос, ноолуурын салбарт хэрэгжүүлж буй SCORE хөтөлбөрт 10 аж ахуйн нэгж хамрагдан үр дүнгээ танилцуулж байна. Эдгээр нь үйлдвэрлэлийн бүтээмж, бүтээгдэхүүний чанар, хөдөлмөрийн нөхцөл, ажлын байрны орчин сайжруулахын зэрэгцээ залуучуудад ээлтэй орчин бүрдүүлсэн туршлагаа хуваалцлаа. “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2024-2028 онд ноолуурын бүрэн боловсруулалтын түвшнийг 20 хувиас 40-д, орлогыг 398-аас 690 сая ам.долларт хүргэж, 3000 гаруй ажлын байр бий болгох төлөвлөгөөтэй. Тиймээс залуучуудыг хөнгөн үйлдвэрийн салбарт ажиллан, хөдөлмөрийн ээлтэй нөхцөл, таатай орчинд ажиллахыг уриалж байна” гэлээ. Дээрх хэлэлцүүлгийн зорилго ч шинэ төгсөгчид, залуучууд, ажил хайж буй иргэдийг хөнгөн үйлдвэрийн салбарын үйл ажиллагаатай танилцуулж, ажил эрхлэх боломжийг нь өсгөхөд чиглэжээ.
С.Дулам