Хичээлээс гадуурх үйл ажиллагаа нь хүүхдийн авьяас чадварыг нээн хөгжүүлж , чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх боломж олгодог. Гэвч ямар ч сайн сайхан зорилго, гэгээн тэмүүлэл хүүхдийг эрсдэлд оруулж, эцэг, эхийнх нь зүрхийг шимшрүүлэх шалтгаан болох учиргүй. Өнгөрсөн долоо хоногт Орхон аймгийн Баян-Өндөр сумд урлагийн үзлэгийн бэлтгэлээ тараад гэртээхарихаар явсан 11 настай охин автомашинд мөргүүлж, амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Энэ бол зүгээр нэг статистик биш, нэгэн гэр бүлийн амьдралыг орвонгоор нь эргүүлсэн гашуун сургамж, нийгэмд өгсөн түгшүүрийн дохио болов. Өөрөөр хэлбэл, хүний амь эрсэдсэний дараа харамсаж суух биш, хичээлээс гадуурх үйл ажиллагааг эрсдэлгүй, хүүхдэд ээлтэй зохион байгуулах цаг хэдийн болжээ.
УРЛАГИЙН ҮЗЛЭГИЙГ ХОРИГЛОХ БИШ, ЭРСДЭЛГҮЙ ЗОХИОХ НЬ ЧУХАЛ
Боловсролын сайдын тушаалын дагуу сургалтын үйл ажиллагаанаас гадуур хавар, намрын спартакиад, аялал, урлагийн үзлэг, тайлан тоглолт зэрэг олон арга хэмжээ зохион байгуулахыг үүрэг болгодог. Учир нь урлаг, спортын үйл ажиллагаа нь хүүхдийн нийгэмшил, сэтгэл зүйн хөгжилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулдаг. Дан ганц академик боловсролоор “нүдээд” байвал хүүхдүүд амархан залхаж, сэтгэл зүй болон бие махбодын хувьд ч туйлдаж гүйцнэ. Тиймээс эдгээр арга хэмжээг шууд буруутгаж, хавтгайруулан хориглох нь хэт өрөөсгөл юм. Гэвч хи чээлийн жил эхлээд дөнгөж хоёр сар болохтой, үгүйтэй байхад урлагийн үзлэгийг яаравчлуулан шахаж буй нь тогтолцооны гажуудал мөн.
Зунжингаа амарч, хичээлийн хэмнэлдээ дөнгөж орж буй хүүхдүүд энэ үед юугаа тайлагнаж, ямар авьяасаа үзүүлэх билээ. Үүнээс гадна бид өнөөдөр ямар орчин нөхцөлд амьдарч байна вэ. Өвөл болохоор цана, чаргаар гулгаж, цасаар тоглодог байсан тухайгаа 1970-1980аад оныхон дурсан ярьдаг. Гэтэл өнөөгийн хүүхдүүдэд тийм ээлтэй, жаргалтай өвөл харамсалтай нь оногдсонгүй. Өдгөө бид хорт утаатай, халтиргаа гулгаатай, авто замын түгжрэлтэй, гэрэлтүүлэггүй, нийтийн тээвэр нь ч хүрэлцдэггүй нөхцөлд арай ядан амьдарч байна. Өөрөөр хэлбэл, өвлийн улиралд хүүхдүүдийг Улаанбаатарт байлгана гэдэг нь тэднийг хорт утаагаар “угжиж” буйтай агаар нэг болжээ. Нийгэм, тогтолцооны эл гажуудлын хор уршгийг хүүхдүүд биеэрээ үүрч, эрүүл мэнд, амиараа төлж буй нь гачлантай.
Засгийн газар болон шийдвэр гаргагчдын хойрго, хариуцлагагүй байдлаас үүдэн нийслэл хот утаандаа баригдаж, шатахууны хомсдол нүүрлэн, нийтийн тээвэр нь ачааллаа дийлэхээ больсон. Өрх бүрийн амьжиргааны түвшин харилцан адилгүйгээс олон хүүхэд даарч, хоолгүй явахын зэрэгцээ чихэлдсэн автобусанд түгжирч, агааргүй орчинд ухаан алдаж унах тохиолдол ч цөөнгүй гарч байна. Аюулгүй байдал алдагдсан ийм эрсдэлтэй орчинд эцэг, эхчүүд өдөр бүр айдас, түгшүүртэй амьдарч буй нь нууц биш. Хүүхдээ хичээлээс гадуурх арга хэмжээнд оролцуулж байж хөгжинө гэдгийг тэд сайтар ойлгодог ч энэ мэт нийгмийн олон ужгирсан асуудлаас үүдэн чөлөөт цагийг нь хязгаарлахаас өөр аргагүйд хүрдэг.
Хүүхдүүд өдөржин хичээлдээ дарагдчихаад, ядаж урлаг, спортын арга хэмжээнд оролцон тархи толгойгоо сэргээж, авьяас чадвараа нээх гэхэд ахуй орчин, нийгмийн нөхцөл нь боломж олгохгүй байна. Өөрөөр хэлбэл, гаж тогтолцооноос үүдэлтэй ужгирсан асуудлууд хүүхдийн аюулгүй байдал, эрүүл мэнд, сурч боловсрох эрхэд шууд заналхийлсээр. Тиймээс эл асуудлыг үндсээр нь өөрчлөх шаардлагатай байна. Тухайлбал, урлагийн үзлэгийг намар бус, хаврын улиралд хичээлийн жилийн сургалтын тайлантай нь хамтатган зохион байгуулах нь хамгийн зөв бөгөөд логиктой шийдэл аж. Жилийн турш урлаг, уран сайхны боловсрол эзэмшиж, сурч мэдсэнээ хавар тайлагнаж, шалгаруулах нь илүү үр дүнтэй байх нь дамжиггүй.

ОНОЛООР “БӨМБӨГДӨӨД” АМЖИЛТ ОЛСОН УУ
Манай сургалтын хөтөлбөрийн агуулга хэт их, сурагчдаас өндөр мэдлэг шаарддаг, онолын мэдээллээр “бөмбөгддөг”. Монгол хүүхдүүдийн сурлагын ахиц тааруу, хичээлдээ сонирхолгүй болж буй гол шалтгааны нэг гэхэд болно. Өдгөө ерөнхий боловсролын сургуулиудад өдөрт 4-6 төрлийн академик хичээл дараалан орж, тус бүр 45 минут үргэлжилдэг. Харин хичээл хоорондын завсарлага ердөө таван минут. Ийм шахуу хуваарь хүүхдүүдийг бие махбод, сэтгэл зүйн хувьд ядрааж, суралцах хүсэл сонирхлыг нь бууруулах эрсдэлтэй. Харин хөгжингүй орнуудад хүүхдийн сурлагын амжилтаас гадна бие бялдар, сэтгэл зүйн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг чухалчилдаг. Тиймдээ ч ачаалал, амралт, биеийн хөдөлгөөн, хичээлээс гадуурх үйл ажиллагааг харилцан уялдаатай зохицуулахыг зорьдог. Урлаг, спорт, практик дадлагаар дамжуулан тэдний мэдлэг, чадварыг хөгжүүлэх нь үүний нэг чухал хэсэг юм. Тухайлбал, Финландын боловсролын тогтолцоонд сурагчдын сурлагын амжилтаас гадна бие бялдар, сэтгэл зүйн эрүүл мэндийг чухалчилдаг. Хельсинки хотын сургуулиудад нэг хичээл ихэвчлэн 45-90 минут үргэлжилдэг бөгөөд сурагчид хичээлийн завсарлагаар сургуулийнхаа хашаанд тоглож, амардаг байна. Мөн хүүхдүүдийн сонирхол, авьяасыг хөгжүүлэх зорилгоор спорт, урлагийн олон төрлийн дугуйланг үнэ төлбөргүй хичээллүүлдэг аж. Сурагчид эдгээр үйл ажиллагаанаас өөрийн сонирхолд нийцсэнийг сонгон, хичээл тарсны дараа хамрагдах боломжтой.
Японы бага сургуулиудад ч хичээл, амралт, биеийн тамирыг хосанги танхим, сургуулийн орчноо цэвэрлэх ажилд оролцдог нь хүүхдүүдэд хамтын ажиллагаа, хариуцлагыг төлөвшүүлэхэд чиглэдэг байна. Харин хичээл тарсны дараа спорт, урлаг, соёлын клубт хамрагдан, сонирхлоо хөгжүүлэх боломжтой. Ялангуяа дунд сургуулиудад спортын болон соёлын клубийн үйл ажиллагаа өргөн дэлгэрсэн байдаг.
Японы бага сургуулиудад ч хичээл, амралт, биеийн тамирыг хослуулсан хуваарь мөрддөг. Нэг хичээл 45 минут үргэлжилж, сурагчид цайны цагаараа хамтдаа хооллодог. Үүний дараа анги танхим, сургуулийн орчноо цэвэрлэх ажилд оролцдог нь хүүхдүүдэд хамтын ажиллагаа, хариуцлагыг төлөвшүүлэхэд чиглэдэг байна. Харин хичээл тарсны дараа спорт, урлаг, соёлын клубт хамрагдан, сонирхлоо хөгжүүлэх боломжтой. Ялангуяа дунд сургуулиудад спортын болон соёлын клубийн үйл ажиллагаа өргөн дэлгэрсэн байдаг.
Эдгээр жишээнээс харахад хүүхдийн хөгжил танхимын сургалтаар хязгаарлагддаггүй аж. Урлаг, спорт, сонирхлын дугуйлан нь шинэ чадвар эзэмшихээс гадна үе тэнгийнхэнтэйгээ хамтран ажиллах, өөрийгөө илэрхийлэх, бие даан хөгжих боломж олгодог. Өөрөөр хэлбэл, хүүхдийг зөвхөн онолын мэдлэгээр “цэнэглэх” бус, сурсан зүйлээ амьдралд хэрэглэх, өөрийн сонирхол, авьяасыг нээх нөхцөл бүрдүүлэх нь чухал юм.
Харин манай сургалтын хөтөлбөрт академик хичээл давамгайлж, хичээлээс гадуурх үйл ажиллагаанд харьцангуй бага цаг зарцуулдаг. Тухайлбал, академик боловсрол сургалтын хөтөлбөрийн 90 гаруй хувийг эзэлдэг бол хичээлээс гадуурх үйл ажиллагааных 10 хувьд ч хүрдэггүй. Практик дадлага, сонирхлоо хөгжүүлэх боломж хомс, онолоор л шахдаг эл тогтолцоо хүүхдүүдийн сурах хүсэл эрмэлзэл, мэдлэгээ бодит амьдралд хэрэглэх чадварт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Тиймээс сургалтын агуулга, цагийн хуваарийн тэнцвэрийг өөрчилж, хүүхдүүдэд амрах, хөдлөх, сонирхлоо хөгжүүлэх хангалттай боломж олгох шаардлагатайг багш нар ч онцолж байна.
ХАРИУЦЛАГААС ЗУГТСАН БЭЛЭН ШИЙДВЭР
Сүүлийн үед салбарын яам болон шийдвэр гаргачид эрсдэлээс урьдчилан сэргийлэх нэрээр “Шинэ жил тэмдэглэхийг хориглолоо”, “Аялал зугаалгыг болиулна”, “Урлагийн үзлэгийг цуцаллаа” гэх мэтээр хичээлээс гадуурх үйл ажиллагааг шууд хориглож, хүүхдийн хөгжих боломжийг хаасан бэлэн шийдвэр гаргадаг боллоо. Томчууд өөрсдөө түгжрэл, утаа, дэд бүтцийн эрсдэлээ шийдэж чадахгүй атлаа асуудлын гарцыг хүүхдүүдийн эрхийг хязгаарлах замаар хайж байгаа нь зөвхөн багачуудад зориулсан “хөл хорио” гэлтэй. Угтаа асуудлаас зугтаж, тэднийг гэрт нь цоожлох биш, бодит байдалд нийцүүлэн аюулгүй орчныг бүрдүүлэх нь төр болон сургуулийн үндсэн үүрэг юм. Хүүхдийн амь, эрүүл мэндийг хамгаалах нь тэдний нэн тэргүүний зорилго мөн. Гэхдээ хамгаалах нэрээр хөгжих, суралцах, авьяасаа нээх боломжийг хязгаарлаж болохгүй. Харин ч эрсдэлгүй орчинд урлаг, спорт, соёлын арга хэмжээнд оролцох нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай. Юуны түрүүнд сургуулиуд арга хэмжээний хуваариа хүүхдийн нас, хичээлийн ачаалал, улирлын онцлогтой уялдуулж, бэлтгэлийг оройн цагаар бус, өдрийн цагаар хийлгэж хэвшвэл зохино. Сурагчдыг орой тараах шаардлага гарвал эцэг, эхэд урьдчилан мэдэгдэж, шаардлагатай бол хүргэж өгөх зохицуулалт хийх нь зүйтэйг эцэг, эхчүүд хэлж байна. Үүний зэрэгцээ сургалтын ачааллыг хүүхдийн нас, хөгжлийн онцлогт нийцүүлэх, хичээлээс гадуурх үйл ажиллагаанд зарцуулах цагийг нэмэгдүүлэх зэргийг бодлогын түвшинд авч үзэх учиртай.
Урлаг, спорт, соёлын арга хэмжээ нь хүүхдэд стрессээ тайлах, авьяасаа нээх, бусадтай харилцах, бие хүн болж төлөвших боломж олгодог. Тиймээс хүүхдийн хөгжлийг дэмжих арга хэмжээг хориглох нь шийдэл биш. Тэднийг эрсдэлгүй орчинд хөгжих боломжоор хангаж, асуудлын үндсэн шалтгааныг арилгах нь зөв гарц аж. Үндсэндээ хүүхдийн аюулгүй байдал, хөгжих эрх хоёрыг эсрэгцүүлэх бус, хамтад нь хамгаалдаг тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай байна.
Бид тогтолцооны ийм наад захын асуудлыг өнөөг хүртэл ярьж, шийдэл нэхсээр байгаа нь харамсалтай. Угтаа хүүхдэд аюулгүй орчин бүрдүүлж, хөгжих эрхийг нь хамгаалах нь төрийн суурь үүрэг. Гэтэл энэ үүргээсээ ухарч, эрсдэлээс сэргийлэх нэрээр хүүхдийг хашиж, хориглохыг ганц шийдлээ гэж үзсээр буй нь дэндүү эмгэнэлтэй.
У.Сүрэн