Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймрийн дараа байгаль орчныг хэрхэн нөхөн сэргээх талаар эрдэмтэн, судлаачид хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах талаар санал солилцлоо. Уулзалтад ургамал, амьтан, ой, хөрс, цаг уур, экологийн чиглэлээр мэргэшсэн 27 эрдэмтэн, судлаач оролцож, түймэрт өртсөн газрын байгалийн нөхөн сэргэх явцыг үнэлэх, ховор амьтан, ургамлын амьдрах орчинд гарсан өөрчлөлтийг судлах, цаашид авах арга хэмжээг шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлох асуудлыг голчлон хэлэлцжээ.
Мөн түймэрт өртсөн экосистемд хийсэн олон жилийн судалгааны үр дүнг танилцуулж, ургамлын бүрхэвч, жижиг мэрэгч болон махчин амьтдын бүлэгт гарсан өөрчлөлт, байгалийн нөхөн сэргэх явцын талаар мэдээлэл солилцсон байна. Түймрийн дараах экосистемийн нөхөн сэргэх явц нь хөрс, ургамлын онцлог, түймрийн эрчим, амьтдын идэш тэжээлийн нөхцөл зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг тул талбай бүрийн онцлогт тохирсон арга хэмжээ авах шаардлагатайг мэргэжилтнүүд онцолсон.
Иймд хөрс, ургамлын бүрхэц, усны нөхцөл, түймрийн эрчмийн талаарх мэдээллийг нэгтгэн судалж, байгалийн жамаар сэргэх боломжтой газрыг хүний оролцоо шаардлагатай хэсгээс ялган тогтоохоор болжээ. Түүнчлэн экосистемийн өөрчлөлтийг урт хугацаанд хянах, судалгааны нэгдсэн сан бүрдүүлэх, олон улсын туршлагыг Монгол орны байгаль, цаг уурын онцлогт нийцүүлэн хэрэгжүүлэх талаар хэлэлцсэн байна.
Э.Сүйлэн