Соёлын элч, төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт “Hu” хамтлаг Францын Парис хот дахь ЮНЕСКО-гийн төв байранд “Энх тайвны төлөө дуугаа өргөе” уриан дор тусгай тоглолтоо толилууллаа. Тус хамтлаг морин хуур, товшуур, хөөмий зэрэг Монголын уламжлалт урлагийн өвийг орчин үеийн рок хөгжимтэй хослуулсан “Хүннү рок” урсгалаар бүтээлээ туурвиж, үндэсний түүх, соёлын өвөрмөц онцлогийг олон улсад амжилттай сурталчлан таниулж буй билээ. ЮНЕСКО-гоос 2022 онд “Энх тайвны төлөөх уран бүтээлч” цолоор өргөмжилсөн тэдний энэхүү тоглолт нь хөгжмөөр дамжуулан энх тайван, эв нэгдэл болон соёлын олон талт байдлыг дэмжсэн чухал үйл явдал болсон аж.
У.Сүрэн