Төсвийн тухай хуульд заасанчлан Засгийн газар ирэх оны төсвийн төслийг жил бүрийн есдүгээр сарын 1-ний дотор УИХ-д өргөн мэдүүлж, харин парламент арваннэгдүгээр сарын 15-ны дотор эцэслэн батлах үүрэгтэй. Төсвийн төслийг өргөн мэдүүлснээс хэлэлцэн батлах хүртэлх хугацаанд нийт дөрвөн үе шат бүхий хэлэлцүүлэг хийх хуулийн зохицуулалттай. Хуульд заасан энэ цаглаварын дагуу УИХ-ын Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, парламентын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар бэлтгэж байна. Үндсэндээ 2027 оны төсвийн төслийг батлахад хагас сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Өмнөх хэлэлцүүлгээр дэмжсэн саналуудыг төслийн зүйл, заалт бүрт суулгаж, орлого, зарлага, алдагдлын ерөнхий тэнцвэрийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцэж буй, эсэхийг эцэслэн хянадаг чухал үе шат шувтрах тийшээ хандав.
2027 оны төсвийн төслийг урьд хожид байгаагүйгээр тэлсэн дүнтэй оруулж ирсэнд эдийн засагчид, парламентын гишүүд шүүмжлэлтэй хандаж байгаа ч өмнөх жилүүдийнх шиг өргөн хүрээний хэлэлцүүлэг, мэтгэлцээн олон нийтийн дунд, нийгмийн сүлжээнд өрнөхгүй, сөрөг хүчний зүгээс ч “хариу үйлдэл” сул байгааг судлаачид хэлэв. Төсвийн төслийг эцэслэн батлахын өмнөх туйлын хариуцлагатай, шийдвэрлэх шатанд судлаачдын дуу хоолойг хүргэхийг зорилоо. Тэд ирэх оны төсвийн төслийн талаарх үнэлэлт дүгнэлт, анхаарал татах “тоонууд”, тэдгээрийн цаана буй асуудлуудын хүрээнд байр сууриа илэрхийлсэн юм.
БОНДЫН ХҮҮГИЙН ТӨЛБӨРТ 1.5 ИХ НАЯД ТӨГРӨГ ТӨСӨВЛӨСӨН НЬ БОДЛОГОТОЙ БАЙХЫН ДОХИО
(“Нээлттэй нийгэм форум”- ын Засаглалын хөтөлбөрийн менежер, судлаач Д.Оюунбадам)
-Монгол Улсын 2027 оны төсвийн төслийг ихээхэн тэлж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41.3, нийт зарлагыг 43.6, алдагдлыг 2.3 их наяд төгрөг байхаар тусгасан. Энэ тохиолдолд бид хөрөнгийнхөөс гадна урсгал зардлыг тогтож, анхаарч харах шаардлагатай. Жишээ дурдахад, төрийн байгууллагын байр түрээслэх зардалд 100 гаруй тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Евразийн хөгжлийн банканд Монгол Улс нэгдэн ороход шаардлагатай зардалд гэхэд 60 гаруй тэрбум төгрөг тусгажээ. Төрийн албан хаагчдын нормын хувцас, зөөлөн эдлэл зэрэгт багагүй хэмжээний мөнгө хуваарилсан. Цэрэг, цагдаа, хүчний байгууллагынхнаас бусад төрийн албан хаагчийн хувцас хэрэгслийг төсвийн мөнгөөр худалдан авч өгөх шаардлагагүй гэж үзэж байна. Энэ болгоны нарийн задаргааг ил тод тайлагнаж, танилцуулан, үр ашигтай зарцуулалт мөн, эсэхийг нь үнэлэх хэрэгтэй. Боловсрол, эрүүл мэнд зэрэг нэн тэргүүний ач холбогдолтой, суурь салбаруудад шаардлагатай санхүүжилтийг бүрэн шийдэж чадахгүй байгаа нөхцөлд төрийн албан хаагчдын нормын хувцсанд олон тэрбумыг төсөвлөх нь зохисгүй.
Төрийн албан хаагчдын цалин, урамшууллыг нэмж буйтай холбоотойгоор төрийн байгууллагуудад ажил хөнгөвчлөх зорилгоор янз бүрийн тоног төхөөрөмж, программ хангамж, технологи нэвтрүүлэх болсон. Эдгээр нь албан хаагчдын ажлыг үнэхээр хөнгөвчилдөг үү, үр нөлөө үзүүлдэг үү гэдгийг цаашид бодитоор хянаж нягтлах шаардлага тулгарлаа. Ирэх жилийн төсөвт төрийн албан хаагчийн цалин, урамшуулал, хангамжид хагас их наяд орчим төгрөг төсөвлөсөн. Төрийн албыг цомхон болгож, төсвийн зардлыг нь хэмнэнэ гэчхээд үүнийхээ эсрэг хуваарилалт хийж болохгүй. Тэгэхээр цаашид төрийн албан хаагчдын тоог зохистой түвшинд хадгалахад анхаарах ёстой болов уу.
Гадаад, дотоодын бондын хүүгийн төлбөрт 1.5 их наяд төгрөг төлөхөөр ирэх оны төсөвт тусгасан. Цаашдаа бонд гаргах, бондын эх үүсвэрээр аливаа төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхдээ бодлоготой хандах ёстойг энэ тоо харуулж байна. Нэмээд дотоодод хоёр их наяд төгрөг, гадаадад нэг тэрбум ам.долларын бонд гаргахаар төлөвлөөд буй. Эдгээрийг ямар үр ашиг, ач холбогдолтой ажилд хэрхэн зарцуулах талаарх мэдээллийг ил тод тайлагнах шаардлагатай.
Нийслэл “Сэлбэ дэд төв” төслийг санхүүжүүлэхээр 500 сая ам.долларын дүнтэй, 7.75 хувийн хүүтэй бондыг 2024 онд олон улсын зах зээлд гаргасан. Эл төслийг 2024-2026 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ч одоо дуусгах хугацааг нь 2028 болгох, бондын эх үүсвэрээс дахин санхүүжилт босгох асуудлыг хөндөж эхэллээ. Засгийн газар бондын эргэн төлөлт, зарцуулалтаас гадна төслийн бэлэн байдал, хэрэгжих боломж зэрэгт анхаарах шаардлага тулгараад байна. Энэ нь алсдаа улсын төсөвт ачаалал, дарамт үүсгэх эрсдэлтэй.
Хөрөнгийн зардалд зам, замын байгууламжийн санхүүжилт жин дарж байна. Гэтэл замынх нь урт, хүчин чадлын мэдээлэл зэргийг нь төсвийн төсөлд тодорхой тусгаагүй. Уг нь хаанаас хаа хүртэлх замыг ямар хугацаанд барихаар төлөвлөснийг нь харж байж төсөл дээрх холбогдох дүн, санхүүжилт бодитой, эсэхийг хянана шүү дээ. Ийм боломж олгохгүй байна. Аудитын байгууллагынхан ч “ТЭЗҮ, судалгаа, тооцоолол бүрэн бус төсөл цөөнгүйг оруулж ирлээ” гэж дүгнэсэн. Төлөвлөлтгүйгээр мөнгө хуваарилдаг энэ байдал нь төсөл удаашрах, олон он дамжих, төсвийн хөрөнгийг үнэгүйдүүлэх гол нөхцөл болдог.
ШИНЭ ТӨСЛИЙН НИЙТ САНХҮҮЖИЛТИЙН 86.3 ХУВИЙГ БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИД ХУВААРИЛЖЭЭ
(МУИС-ийн дэд профессор, доктор Б.Эрдэнэдалай)
-2027 оны төсвийн төслийн хөрөнгө оруулалтыг улсын хөгжлийн төлөвлөгөөтэй харьцуулж судалсан. Төсвийн хавсралтад 815 төсөл тусгаснаас 318 нь шинээр хэрэгжүүлэх, 497 нь үргэлжлүүлэх ажил байна. Шинэ төслийн нийт төсөвт өртөг нь 5.45 их наяд төгрөг бол үүнээс 2027 онд санхүүжүүлэх нь 3.22 их наяд.
Судлаачийн хувьд анхаарах асуудал нь хөгжлийн төлөвлөгөөнд тусгасан зорилго болон төсөвт мөнгө хуваарилсан төслийн уялдаа холбоо хангалттай тодорхой харагдахгүй байгаа явдал юм. Зорилгодоо нийцнэ гэж бичихээс гадна яг ямар ажлыг хаана, хэзээ хийж дуусгахыг тодорхой тайлбарлах хэрэгтэй шүү дээ. Иргэд төслүүдийг нэрээр нь харж, мөнгө нь юунд зарцуулагдах, дараа нь ямар үр дүн гарах зэргийг хянах боломжтой байх ёстой. Жишээлбэл, хөгжлийн төлөвлөгөөнд 53 сургууль барихаар тусгасан бол ирэх оны төсвийн танилцуулгад 93 гэж дурджээ. Эх үүсвэр болон барилгын жагсаалт ялгаатай байж болох тул тооны зөрүүг шууд алдаатай, илүү гэж үзэх нь учир дутагдалтай. Харин хаанаас, ямар хэрэгцээнээс үүссэн үндэслэлийг нь тайлбарлах шаардлагатай.
Төсвийн үр ашигтай зарцуулалтыг үнэлэхийн тулд шинээр эхлүүлэх ажлаас гадна он дамнан үргэлжлүүлж буй төслүүдийг ч харах хэрэгтэй. Бид хөгжлийн төлөвлөгөөнөөс сонгож шалгасан 145 арга хэмжээний 32-т хамаарах ажлыг үргэлжлүүлэх төслийг жагсаалтаас эрж олсон. Тиймээс шинэ төслийн жагсаалтад байхгүй гэдгээр нь тухайн ажлыг санхүүжилтгүй гэж шууд дүгнэх боломжгүй юм.
Хамгийн их анхаарал татсан тоо бол шинэ төслийн санхүүжилтийн 77.07 хувь. Ирэх онд шинээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 318 төслийг хөгжлийн төлөвлөгөөтэй тулгаж шалгахад 190 төсөл ерөнхий зорилготой уялдсан ч төлөвлөгөөний яг аль ажилтай холбоотой болохыг нь тодруулах шаардлага үүссэн. Энэ 190 төцсөлд 2027 онд 2.48 их наяд төгрөг хуваарилсан нь шинэ төслүүдийн тухайн жилийн санхүүжилтийн 77.07 хувийг эзэлж буй. Мөн шинээр хэрэгжүүлэх төслүүдийн санхүүжилтэд барилга, байгууламжийнх эрс нэмэгдэж, голлох хувийг эзэлж байна. 2026 оны төсвийн төсөлд барилга, байгууламжийн санхүүжилт тухайн жилд хэрэгжүүлэх шинэ төслийн нийт хөрөнгө оруулалтын 46.7 хувийг эзэлж байсан бол 2027 онд 86.3 хувьд хүрчээ. Энэ нь өмнөх оныхоос ойролцоогоор 39.6 нэгж хувиар өссөн үзүүлэлт юм.
2027 онд шинээр хэрэгжүүлэх 318 төслийн 266 нь барилга, байгууламжийнх. Эдгээрийг ирэх онд 2.78 их наяд төгрөгөөр санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Ийм хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн учир эдгээр төслийн зураг төсөв, бэлтгэл ажил, дуусах хугацаа, цаашдын санхүүжилтийн хуваарийг сайтар нягтлах шаардлагатай.
Санхүүжилт цөөн том төсөлд төвлөрч байгаа нь бас анхаарах асуудал. “Оюутолгой”-н ногдол ашгийн орлогоос санхүүжүүлэхээр төлөвлөсөн 51 төсөл нь шинээр хэрэгжүүлэх нийт төслийн 16.04 хувь боловч 2027 оны санхүүжилтийн 61.03 хувь буюу 1.96 их наяд төгрөгийг эзэлж байна. Мөн хамгийн өндөр санхүүжилттэй 20 төсөл нийт хөрөнгө оруулалтын 45.77 хувийг бүрдүүлж буй. Тодорхой жишээ хэлэхэд, 300 МВт-ын хүчин чадалтай ДЦС-6-г барихад 2027 онд 400 тэрбум төгрөг тусгасан. Харин хөгжлийн төлөвлөгөөнд ДЦС-5 болон Бөөрөлжүүтийн цахилгаан станцын ажлуудыг багтаасан байна. Эдгээрийг ижил төсөл гэж шууд үзэх боломжгүй учраас 400 тэрбум төгрөгөөр төлөвлөгөөний аль ажлыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэснийг тайлбарлах шаардлагатай.
Тиймээс эхний ээлжид том төслүүдийн ажлын задаргаа, өртөг, 2027 онд хийх ажил, дуусах хугацааг нийтэд ойлгомжтой болгох хэрэгтэй. Бидний олж тогтоосон зөрүү, мэдээллийн дутмаг байдал нь аль нэг төслийг үгүйсгэсэн, эсвэл шууд үр ашиггүй зарцуулалт гэж үзэх нотолгоо биш. Харин ийм хэмжээний мөнгийг ямар үндэслэлээр, ямар үр дүнд хүргэхээр төлөвлөснийг нягтлах шаардлагатайг харуулж байна. Төлөвлөгөө, төсвийн төсөл бүрийг холбогдох кодоор нь харгалзуулж, иргэдэд шүүх, тооцох боломжтой хүснэгт хэлбэрээр нийтэлбэл хяналт илүү бодит болно.
ТӨСВИЙГ ТЭЛСЭН НЬ ИРЭХ ЖИЛҮҮДЭД БОЛОХ СОНГУУЛЬТАЙ ХОЛБООТОЙ
(“Монголын залуучуудын эвсэл” төрийн бус байгууллагын захирал Т.Амарзаяа)
-2027 оны төсвийн төслөөс маш үрэлгэн хуваарилалт харагдаж байна. Яг л олдсон дээр нь үрдэг үрэлгэн айл шиг. “Төсвийн хөрөнгө оруулалтын жагсаалтад 2026-2030 оны улсын хөгжлийн таван жилийн төлөвлөгөөнд тусгаагүй 3.2 их наяд төгрөгийн 436 төсөл багтсан нь нийт хөрөнгө оруулалтын 55.4 хувийг эзэлж байна. Төсвийн хөрөнгө оруулалтад 2027 оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгаагүй 1.7 их наяд төгрөгийн 309 төсөл, арга хэмжээ буй нь тайлант оны хөрөнгө оруулалтын санхүүжилтийн 29.4 хувийг эзэллээ” гэж Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс мэдээлсэн. Төсвийн орлогын өсөлтийн 58, хөрөнгө оруулалтын 34.6 хувийг “Оюутолгой”-н ногдол ашгаас буюу бүрэн баталгаажаагүй санхүүжилтийн эх үүсвэрээс тооцсон нь төсвийн гүйцэтгэлийн эрсдэлийг нэмж байна.
Ирэх оны төсвийг үлэмж хэмжээгээр тэлсэн нь ирэх жилүүдэд болох хоёр том сонгуультай холбоотой болов уу. Эрх баригч намынхан сонгуулийн үйл ажиллагааны зардлаа төсвөөс шийдэх эрсдэлтэй. Мөн төсөв боловсруулахад иргэдийн оролцоог хангахтай холбоотой шаардлагууд болох Төсвийн тухай хууль дахь зарим зүйл, заалтын хэрэгжилтийг Засгийн газар хангахгүй байна. Энэ нь төсвийн төлөвлөлтөд дүн шинжилгээ хийх, санал, зөвлөмж боловсруулах нөхцөлийг хаасаар. Төсвийн төслийн дэлгэрэнгүй задаргаа бүхий “Excel” файлыг ил болгохгүй, мэдээллийг нь зөвхөн багц дүнгээр байршуулж буй нь хяналтыг сулруулах гол нөхцөл гэж дүгнэж буй.
Ирэх оны төсвийн төслөөс анхаарал татаж буй зүйл нь шинээр хэрэгжүүлэх бодлого, хууль тогтоомжийн төсөвт үзүүлэх богино болон дунд хугацааны нөлөөллийг урьдчилан тооцох юм. Зардлын үр ашгийн хувьд төрийн албан хаагчдын цалин хөлсний бодлогыг эдийн засгийн нөхцөл байдал, хувийн хэвшил, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд үзүүлэх нөлөөллийн үүднээс судалж тооцон, уялдаа хамаарлыг нь хангах, эсэхийг нягтлах шаардлагатай. Мөн УИХ-аас баталсан тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлж, хөгжлийн зорилтот хөтөлбөрүүдийг төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлтэй уялдуулсан, эсэхийг нягтлан, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, иргэний нийгмийн байгууллагууд болон Үндэсний аудитын газрын санал, зөвлөмжийг тусган батлах хэрэгтэй. Төсвийн сахилга бат сул байгаа нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг зөрчсөөр хариуцлага тооцох зайлшгүй шаардлага үүсгэж буйг бид харж байна. Мөн Шилэн дансны, “Тендерийн” тухай хуулийн хэрэгжилтийг хангахын зэрэгцээ иргэний нийгмийн болон холбогдох бусад байгууллагын улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдал, сонгуулийн болон сонгуулийн бус үеийн зардалд тавих хяналтыг сайжруулах хэрэгтэй.
Н.Мишээл