ЭМЯ-наас улсын хэмжээн дэх томуу, томуу төст өвчний тархалт, цаашдын төлөв, эрсдэлд үнэлгээ хийж, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангаж ажиллахыг аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад үүрэг болголоо.
Томууны хүндрэлийн энэ сарын 28-ны үнэлгээгээр улирлын томууны тархалт үндэсний хэмжээнд идэвхжлийн түвшинд шилжээд байгаа аж. Эдүгээ томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 77.1 хувийг 15 хүртэлх насныхан эзэлж буй гэнэ. Үүний 49.6 хувь нь тав хүртэлх насны хүүхэд. Амьсгалын замын цочмог, хүнд хэлбэрийн оноштой эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдийн 81 хувь нь мөн л 15 хүртэлх, тэдний олонх нь бага насныхан. Иймд өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний хүртээмж, тасралтгүй байдлыг эрчимжүүлэх чиглэлээр дараах зөвлөмжийг өгчээ.
Тухайлбал, зургаа хүртэлх насны, өвчтэй хүүхдээ асарч буй эцэг, эх, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, зайнаас ажиллуулах тогтоолын хэрэгжилтийг хангах, Эрүүл мэндийн сайдын баталсан 2026-2027 оны Улирлын томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх, хариу арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөөг дагаж, эрсдэлд тохирсон арга хэмжээг шуурхай зохион байгуулах, анхан шатанд гэрийн эргэлтийг сайжруулан, хүүхдэд шаардлагатай тусламж, үйлчилгээг өрхийн эмнэлэгт өдрөөр төвөг чирэгдэлгүй үзүүлэхийг даалгалаа.
О.Ундрах