Олон нийтийн сүлжээнд ногоон паспортыг хяналтгүй ашиглаж байна гэх шүүмжлэл өрнөөд хэд хоног өнгөрлөө. Тодруулбал, онлайн худалдаа хийдэг бүсгүй өөрийн цахим хаягтаа ногоон паспортын зургийг оруулснаар олон нийтийн анхаарлыг ихээхэн татав.
Уг мэдээлэл гарсны дараа Гадаад харилцааны яамныхан “тухайн иргэний нөхрийн ногоон паспортын хугацаа өнгөрсөн 2018-д дуусгавар болсон” гэх мэдээллийг өгсөн.

Гэвч тухайн зурагт байгаа Loro Piana брэндийн гутал нь “2024 онд худалдаанд гарсан загвар” болохыг имэйлээр ирсэн хариугаар нь баталгаажуулж байгаа юм.

Учир нь “Монгол Улсын дипломат, албан гадаад паспорт олгох, эзэмшиx, хадгалах асуудал нь 2020 онд Засгийн газрын тогтоолоор батлагдсан журам”-д ямар албан тушаал хашиж байгаа эсвэл хашиж байсан хүмүүст дипломат, албан паспорт олгохыг тодорхой заасан бөгөөд албан гадаад паспортыг албан томилолтоор зорчих үед ашиглахаар тусгасан байдаг. Тиймээс албан томилолтоос буцаж ирэх үед нь паспортыг хурааж, томилолтын тушаал шийдвэрийг үндэслэн эргүүлж өгөх зохицуулалт үйлчилдэг аж.
Мөн ГХЯ-ны Консулын газар хагас жил тутам дипломат, албан паспортын олголтыг ГХЯ-ны удирдлагад тайлагнадаг байна.
Гэтэл онлайн бизнес эрхлэгч бүсгүйн ногоон паспорт нь энэ төрлийн хууль бус бизнес байдгийг илрүүлчихэв үү. Хэрэв нөхөр нь 2018 онд ажлаасаа гарсан бол өдийд ногоон паспорт нь хүчингүй байх учиртай. Хэн дуртай нь онцгой нөхцөлд олгодог бичиг баримтыг энэ мэт замбараагүй байдлаар ашигладаг ойлголт төрүүлээд явж байгаа иргэндээ хариуцлага тооцож, худал, үнэн эсэхийг тодорхой болгох хэрэгтэй болов уу.