Лондоны Байгалийн түүхийн музейгээс жил бүр зохион байгуулдаг “Оны шилдэг зэрлэг ан амьтдын гэрэл зурагчин” уралдааны энэ оны ялагчийг саяхан зарласан. 121 орны 65 403 бүтээлээс шилдгээр тодорсон зургийн нэр “Үр дагавар” (The аftermath). Амьгүй тугалыг “тэврэн” шогших зааныг дурандаа буулгасан хүн нь Италийн зурагчин Федерико Веронези. Өнгөрсөн оны есдүгээр сард Намибийн цөлд, Хуаб голын сайраар зааны нэг бүлгийг дагаж явахдаа ийм дүр зурагтай таарчээ.
Ташрамд онцлоход, цөлийн заан, хар хирс, арслан, гөрөөсний нүүдлийн гол хавцал нутаг болсон Хуаб голын хөндий нь Намибийн баруун хойд хэсгийн хэт хуурай, өвөрмөц бүс. 300 км үргэлжилж, Атлантын далайд цутгадаг Хуаб гол нь түр зуурын урсгалтай буюу борооны улиралд л “амилдаг”. Хэдийгээр гадаргын урсгал нь тасалддаг, тогтмол биш ч газар доорх ус нь цөлийг ундаалдаг, Африкийн чухал экосистем.
“Сэтгэл эмтрэм ч танил дотно мэдрэмж байсан. Энэ бол үнэхээр гунигтай дүр зураг, гэхдээ хүмүүс үүнийг харж, мэдэх ёстой” гэж эл агшныг дүрсэлсэн Веронези “Тугал амьгүй ч бие нь хараахан хөшөөгүйгээс харахад төрөөд удаагүй байсан болов уу” хэмээн ярилцлагадаа дурджээ. Зургийг харсан хэн ч үрээ алдсан эх заан гэж бодно. Веронези ч эхэндээ ингэж боджээ. Сүргийг дагаж, заанууд хэрхэхийг ажиглангаа гайхалтай агшнуудыг дурандаа буулгаж явахдаа харин учрыг нь мэдсэн байна. Юутай ч ээж заан ус уух, хооллох үеэс бусад цагт тугалыг тэвэрсээр огт түүртэлгүй явжээ.
“Энэ зураг заанууд хэр их шаналж, юу мэдэрч байгааг, хүн шиг сэтгэл хөдлөлтэйг нь харуулсан. Гэхдээ амьтдад ийм мэдрэмж байдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй” хэмээсэн зурагчин Африкийн цөлийн заануудыг хамгаалах, тэдэнтэй зэрэгцэн оршихыг дэмжих зорилготой “Заануудтай холбоо тогтоох тусламж” (EHRA) ашгийн бус байгууллагын хөтөлбөрийн захирал Кристин Винтертэй уулзснаар зурагт буусан заан, тугал хоёр эх, үрийн холбоогүйг мэджээ.
БУСДЫН ШАНАЛЛЫГ ХУВААЛЦДАГ
Шилдэг зургийн гол баатар заан өдгөө 14 настай бөгөөд хоёр жилийн өмнө анх ээж болсон ч тугал нь мөн эндсэн аж. Тэр цагаас хойш сүргийнхээ ээж заануудын зовлон, шаналлыг өөрийнх мэтээр хүлээн авч, хуваалцаж иржээ. Тэрээр өнгөрсөн хоёр жилийн хугацаанд амьгүй төрсөн дөрвөн тугалыг ийнхүү эхийн сэтгэлээр тэврэн явж, гашуудсан талаар Винтер ярьсан байна. Заанууд сэтгэл хөдлөлөө хүн шиг тодорхой илэрхийлдэг амьтан. Гэхдээ хэн нэгний үхсэн тугалыг энэ мэтээр олон өдөр, хоногоор авч явсан тохиолдол энэ бүс нутгийн хувьд зөвхөн тухайн заанд л анх бүртгэгдэж, давтагдсаныг сонссон Веронези “Түүний жишээ бол зүгээр л болоод өнгөрсөн явдал биш, зааны мэдрэмж, сэтгэл хөдлөл илүү гүн болохыг баталж байна. Яг л өөрийн тугалтайгаа дахин холбогдохыг оролдож буй мэт. Олон жил өнгөрсөн ч үрээ алдсан шаналал нь огт нимгэрээгүй мэт” гэж тэмдэглээд зургуудаар нь дамжуулан заан хүн шиг бүхнийг ойлгож, мэдэрдгийг ойлгоно гэж найдаж буйгаа илэрхийлжээ.
Тэгвэл “Elephant Voices” ашгийн бус байгууллагыг үүсгэн байгуулагч Жойс Пул дээрхтэй адил тохиолдлыг Кенид бүртгэсэн аж. Түүний өгүүлснээр амьгүй төрсөн тугалыг сүргийн өөр эмэгчин хошуугаараа ороон өргөхийг оролдож, хоёр өдрийн турш холдолгүй хамгаалж байжээ. Энэ бүхэн нь заан бусдын уй гашууг мэдэрч, эмгэнэн гашууддагийн тод жишээ. Сүргээс нэг нь үүрд явахад, өөр бүлийн гишүүд үхсэн байгааг харсан заанууд тойрон зогсоод биед нь хүрч, үдэж буйг баталгаажуулсан бичлэг цөөнгүй бий нь мөн л оюун ухаан, сэтгэл зүрхтэйнх нь баталгаа гэдгийг судлаачид тэмдэглэсэн байдаг.
1972 онд Кенийн Амбосели үндэсний паркт Африкийн зэрлэг зааны сүргийг судалж, хамгаалах урт хугацааны төсөл санаачлагч, судлаач Синтия Мосс заанууд үхсэн, гэмтсэн нэгнээ хэзээ ч орхидоггүй, хулгайн анчдаас нөхдөө хамгаалдаг зэрэг гойд сэтгэл хөдөлгөм түүхүүдийн гэрч болсон талаараа дурсамжууддаа өгүүлсэн. Тэр ч бүү хэл эндсэн нэгнээ булах нүх ухаж, оршуулсан тохиолдлыг ч харжээ. Олон улсын судлаачид “Заан сэтгэл хөдлөл өндөртэй. Хүнтэй адил оршуулгын ёслол хийдэг цор ганц амьтан” гэж тэмдэглэсэн байдаг. Тэгвэл энэ амьтны агуу сэтгэлийн өөр нэг баталгаа нь “Үр дагавар” зураг бөгөөд заан бараг л хүн болохыг гэрчиллээ гэж мэргэжилтнүүд онцолсон бол шилдэг зурагчин “Зааныг ойлгож, хамгаалах ёстой гэдгийг би харуулахыг хүссэн” гэжээ.
УСТАХ АЮУЛД ӨРТСӨН Ч АГНУУРЫН БАЙ БОЛСООР
Бүтээлээрээ дамжуулан Африкийн зэрлэг ан амьтдыг хамгаалахад хувь нэмэр оруулах туйлын зорилготой Федерико Италийн Милан хотод төрсөн, Кени улсад олон жил амьдарч, ажиллаж буй мэргэжлийн гэрэл зурагчин, сафари хөтөч бөгөөд хүүхэд байхаасаа л заанд “нугасгүй болсон”. Өдгөө ч ажил, уран бүтээлийнх нь гол сэдэв энэ амьтан. “Сүүлийн үед би голчлон хар цагаан зургаар дагнах болсон. Амьтдын амьдралын чухал мөч, мөчлөгүүд, эгзэгтэй агшныг буулгахаас гадна амьдрах орчиндоо эзэн нь байж, дүрэлзэж байгаа уг мөн чанар, онгон дүр төрхийг нь илэрхийлэх дуртай” хэмээсэн тэрбээр Намибийн цөлд хоол хүнс, ус хайж байнга хол газарт нүүдэллэдэг заануудын амьдралыг харуулсан хэдэн мянган зурагтай. Оны шилдэг гэрэл зурагт буусан бүл бол зааны тусдаа төрөл биш, харин экотип буюу тодорхой нөхцөлд дасан зохицсон, генетикийн хувьд тогтсон шинж чанартай нэгэн зүйл. Намибийн цөлийн арслантай төстэй хуурай, халуун орчинд дасан зохицсон бүлэг бөгөөд хүрээлэн буй орчны стресс, ялангуяа удаан хугацааны ган гачигтай холбоотой сүүлийн 20 жилд тоо толгой нь тасралтгүй буурч буй. Тиймээс устах аюулд өртсөн. Ус, хоол хүнс хайсан заанууд фермүүдэд халдах болсон нь ч том асуудал болоод байгааг амьтан хамгаалагчид өгүүлж байна. Устах аюулд өртөх өөр шалтгаан нь Намибийн Засгийн газрын агнуурын зөвшөөрөл бөгөөд үүнийгээ одоо хэр нь цуцлахгүй байгаатай холбоотойг Ж.Пул онцолжээ. Эрх баригчид нь цөлийн зааныг Африкийн саванна заан (Loxodonta Аfricana) гэж ангилж, улсын хэмжээнд нийт зааны тоо толгойд хамруулдаг байна. Тус улсад 24 000-аас давсан заан байгаа тул агнуурын квотод оруулсан гэж эрх мэдэлтнүүд нь тайлбарлажээ.
Засгийн газрынх нь энэ мэт шийдвэр эрдэмтэн мэргэжилтэн, олон улсын байгууллагуудын эсэргүүцэлтэй байнга тулгардаг ч ойролцоогоор 100 ч хүрэхгүй үлдсэн цөлийн зааныг хамгаалах талаар анхааралгүй өдийг хүрчээ. Сүргийн тэргүүн ганц эрэгчнийг устгахад л бүтэц, оршин тогтноход нь аюул учруулж болзошгүйг судлаачид сануулсаар ирсэн учир нь энэ зааны хувьд цөлд амьдрах чадвар нь генетикийн хувьд биш, харин ахмад үеийнхэн нь туршлагаа дамжуулдагт оршдог. Өөрөөр хэлбэл, хүмүүстэй адил заанууд төрөхөөсөө эхлэн амьд үлдэх амьдрах чадварт суралцсаар байдаг. Ялангуяа бага, идэр насандаа тасралтгүй сурч, хөгждөгийг нь тогтоосон. Намибийн цөлийн заанд тулгарсан өөр нэг түгшүүртэй нөхцөл байдал нь тугал амьгүй төрөх, эсэн мэнд гарсан ч эндэх нь олширч буй явдал. Тугал эндэх нь жил бүр нэмэгдэж, ноцтой түвшинд хүрчээ. 2014-2022 онд Намибийн цөлийн заануудын 16 төрөлтөөс ердөө хоёр тугал л амьд үлдсэн шалтгааныг “Эх нь хоол тэжээлийн дутагдалтай, тэнхээ муу, эрүүл биш учраас эндэгдэл их байна” гэж мэргэжилтнүүд дүгнэжээ. Заанууд хүмүүстэй тулгарч, зөрчилдсөний улмаас гэмтлийн дараах стрессийн эмгэг (PTSD)-д өртдөг болохыг судалгаагаар тогтоосон байна. Ийм нөхцөл байдал ч төрөлтөд нь сөрөг нөлөөлдөг нэг шалтгаан. Заануудыг хамгаалдаг байгууллагынхан “Амьгүй төрсөн тугалнууд жин багатай, дунджаар 60 кг. Эрүүл төрсөн тугал 100-120 кг жинтэй байдаг”-ийг онцолжээ. Америкийн Индианагийн их сургуулийн профессор Даниелла Чусидтай хамтран ажилладаг “Заануудтай холбоо тогтоох тусламж”ийнхан 2028 он хүртэл үргэлжлэх төслийн хүрээнд заануудын бамбай булчирхайн даавар, кортизолын түвшнийг хянах шинжилгээнд зориулж дээж цуглуулж буй. Үүний хүрээнд мөн Намибийн цөлийн зааны сүргийн цус ойртолт хэр түвшинд байгааг бусад популяцтай харьцуулж тодорхойлох зорилготой юм байна.
ЗААН ГЭЖ ХЭН БЭ
Дэлхийн хуурай газрын хамгийн том амьтан заан төрөл зүйл, нас, хүйсээс хамаарч 1.7-10 тонн жинтэй. Тав гаруй кг жин татах тархи нь 300 тэрбум мэдрэлийн эстэй, неокортекс (хөхтөн амьтдын тархины хамгийн сүүлд хувьсан хөгжсөн, дээд түвшний сэтгэхүйг хариуцдаг, бор гадаргуун гол хэсэг. Хүний тархины дийлэнх буюу 90 хувийг бор гадарга эзэлдэг) талбай нь том. Хүн, шимпанзе, дельфинүүдийн неокортексийнхээс яльгүй бага буюу хэмжээгээрээ хоёрдугаарт жагсана. IQ нь 20 болохыг судлаачид хэдийн баталсан. Зарим тооцоогоор заануудын дундаж IQ долоон настай хүүхдийнхтэй адил. Өөр нэг судалгаагаар заанууд ямар нэг зүйлийг багаж, хэрэгсэл болгон ашиглахдаа бараг ухамсарт түвшинд ажилладаг нь гоминид буюу хүн болон хүн дүрст сармагчингуудтай адил болохыг баталсан. Бороо орохыг мэдрээд нүх ухаж, ус хуримтлуулдаг ухааныг нь хүмүүс шагширдаг. Мөн хүнд хэцүү нөхцөл тулгарвал мултрах арга зам олохдоо гаргууд бөгөөд энэ чадвараараа далайн гахайтай адил.
Ой санамжид онцгой үүрэгтэй тархины гиппокамп хэсэг гэж бий. Энэ нь түр зуурын санамжийг урт хугацааны санамж руу шилжүүлэх, сэтгэл хөдлөл, шинэ зүйл тогтооход гол үүрэг гүйцэтгэдэг. Зааны гиппокамп нь тархины төв бүтцийн 0.7 хувийг эзэлдэг нь хүнийхээс (0.5) их. Аливаа сайн, муу дурсамжийг удаан хугацаанд мартдаггүй нь үүнтэй холбоотой гэж судлаачид онцолжээ. Эмпати буюу бусдыг өрөвдөх, нийгмийн харилцаа болон өөрийгөө ухамсарлах чадварыг хариуцдаг, шинжлэх ухаанд Фон экономо нейрон (Von еconomo neurons - VENs) хэмээн тэмдэглэдэг, ээрүүл хэлбэртэй мэдрэлийн эсийг 2008 оноос жил гаруй үргэлжилсэн судалгаагаар заанаас илрүүлжээ. Бусдыг гэмтээх, санамсаргүй хөнөөл хүргэхээс болгоомжилдог нь үүнтэй холбоотойг судалгаануудаар баталжээ. Үүнээс өмнө ийм эс зөвхөн хүн болон хүн дүрст сармагчинд заяасан гэж үздэг байв. Леонардо да Винчи “Заан бол шударга ёс, ур ухаан, хэм хэмжээг бэлгэдэгч хосгүй амьтан” хэмээснийг батлах ганц жишээ амьдралаа гүйцээснээ мэдсэн өтөл хөгшид нь сүрэг, бүлийнхнээ шаналгахгүй хэмээн зөнгөөрөө холдон даяанчилдаг байна. Сүүлийн үеийн судалгаагаар энэ амьтан сонссон дуу чимээгээ дуурайж чаддаг болохыг харуулсан. БНСУ-ын “Эверланд” амьтны хүрээлэнгийн Хосик нэртэй Энэтхэгийн заан “тийм, үгүй, суух, хэвтэх” гэхчлэн 10 орчим үгийг солонгосоор хэлдэг. Ярьдаг заан хэмээн алдаршсан тэрээр амаа биедээ наагаад исгэрэх мэт авиа гарган үг хэлдэг гэнэ. Энэ мэтээр зааныг илтгэх жишээ олон.
“ЯВДАГ СЕЙФ” ӨРШӨӨЛ ЭРЖ БАЙНА
Африкт европчууд хөл тавиахаас өмнө заан агнах нь тун ховор байжээ. Бууны хүчээр бүхнийг номхруулдаг цагаан арьст хүмүүс зааныг сүрэг сүргээр нь хядаж, соёо, ясаар нь хөлжиж эхэлсэн нь 200 гаруй жилийн тэртээх. XIX зууны сүүл үеэс 1930-аад он хүртэл жил бүр Африкаас 40 000 зааны соёо экспортолдог байсан нь ямар хэмжээнд устгасныг илтгэнэ. Ийм наймаа оргил үедээ хүрсэн 1880-аад онд жилд дунджаар 60 000-гаар нь олборлож байсныг түүхийн хуудаснаа “Зааны аллагын үе” хэмээжээ. Хүн төрөлхтөний өдүүлсэн бусармаг явдал зааны тоо толгойд эрс нөлөөлж, 1933 онд Лондонд Африкийн зэрлэг ан амьтдыг хамгаалах конвенц баталсан түүхтэй. Дараа нь 1965-1968 онд Байгаль, байгалийн нөөцийг хамгаалах тухай Африкийн конвенцийг боловсруулав. Гэвч 1970аад онд дэлхийн газрын тосны хямрал нүүрлэх үед зааны соёоны наймаа сэргэж, хагас кг хүрэхгүй соёо нь хэдэн арван ам.доллараар хэмжигдэх болжээ. Ганц амьтны яс, соёо олон жил фермийн хүнд хүчир хөдөлмөр эрхлэхээс хавьгүй их орлого оруулах учраас хулгайн ан гаарлаа. Хулгайн анчид зааныг “явдаг сейф, Калашников бууг “чекийн дэвтэр” хэмээж, даварсны үр дагаварт 1970-1980 онд Африкийн зааны тоо толгой бараг 50 хувиар буурч 550 000 болжээ. Энэ үеэс Засгийн газрууд цочирдон заан хамгаалах хууль баталж эхэлснээр 1973 онд Кени улс агнахыг хориглосон. Амьтан, ургамлын аймгийн устаж үгүй болох аюулд орсон зүйлийн олон улсын худалдааны тухай конвенц батлагдан, 1989 онд Африкийн зааныг жагсаалтад оруулжээ. Дэлхийн зэрлэг амьтан хамгаалах олон улсын конвенц болон улс орнуудын хууль тогтоомжуудын дагуу заан хөнөөхийг дийлэнх улсад хориглодог. ШриЛанка болон Хятад улсад эл хуулийг зөрчвөл цаазаар авах ялтай. Кени, Танзани, Угандад заан зэрэг нэн ховордсон амьтан агнавал бүх насаараа хоригдоно. Дэлхийн хамгийн олон заантай Ботсван улсад 15 хүртэл жил хорих хуультай. Конгод таван жил чанга дэглэмтэй шоронд ял эдэлнэ. Суматра бол нэн ховордсон зааны төрөл зүйлтэй газар учраас Индонез энэ талын хатуу заалттай улс. 2013 оноос хүчин төгөлдөр болсон хуулиар Зимбабве улсад заан агнавал 15 жил хоригдоно.
Тэгвэл эл амьтныг төрийн сүлдэндээ мөнхөлсөн, бэлгэдэн шүтдэг улсууд бий. 1984 он хүртэлх Гвинейн сүлдэнд заан дүрсэлж байв. Өнөөдөр Конго, Кот-д’Ивуар (Зааны ясан эрэг), Эсватини болон Төв Африкийн Бүгд Найрамдах улсын сүлдэнд залаастай зааныг Тайландын Бангкок хотын далбаанд мөн багтаажээ.
Өнөөгийн байдлаар зааны гурван төрөл зүйл бүртгэгдсэнээс хамгийн том биетэй нь Африкийн саваннагийн заан (Loxodonta Аfricana). Хүйсээс үл шалтгаалан бүгд соёотой. Дараагийнх нь Африкийн ойн заан (Loxodon ta cyclotis) харьцангуй жижиг биетэй. Азийн заан (Elephas maximus)-ы хувьд Африкийнхаас хамаагүй жижиг, мөн хошуу, чих нь богиноос гадна толгойн орой хэсэг нь хуваагдсан мэт хоёр овгортой.
Заантай холын учгаар холбогдсон нэг хөөрхөн амьтан бол даман. Энэ хоёр хамгийн ойрын төрөл төрөгсөд болохыг 1796-1990-ээд онд олон улсын эрдэмтэд тус тусдаа хийсэн хэд хэдэн үе шаттай судалгаагаар харуулжээ. Араг яснаас эхлээд, цусны ийлдэс дэх уургийн бүтцийг нь хүртэл шинжилж, эцэстээ ДНХ-ийн дараалал тогтоох молекул биологийн технологи хөгжсөнөөр даман хэмээх “хулгана” гарцаагүй зааны төрөл садан гэж тогтоожээ. Африкаас гаралтай афротери (аfrotheria) хэмээх хөхтөн амьтны дээд багийн нийтлэг өвгөөс 60-65 сая жилийн тэртээд салж, хувьссаныг хоёулангийнх нь генетик “ярьж” өгчээ.
Дунджаар 60 см урт, 1.5–4.5 кг жинтэй, өчүүхэн жижиг сүүлтэй даман нь (Hyracoidea) туулай, зурамтай төстэй учраас мэрэгч гэж андуурдаг. Үнэндээ бол туурайтан бөгөөд голчлон Африк тив болон Ойрх Дорнодын бүс нутгаар тархсан. Хадны, буты, модны даман гэсэн гурван төрөл зүйл бий. Хэвлээр явагчид шиг биеийн дулаанаа зохицуулах чадвар тун тааруу учраас хүйтэнд шахцалдан наалдаж унтдаг буюу бүлээр амьдрах зохилдлоготой. Хадны даман 10-80 хүртэл бүлээр сүрэглэдэг.
Хуурай газрын хамгийн том амьтнаас тэс өөр орчинд амьдардаг дюгонийг усны заан гэж андуурдаг. Заантай ямар ч холбоогүй хэдий ч сэлүүр дээрх хавтгай хумс, саарал зузаан арьс, үүдэн шүдний бүтэц нь зааныхтай яг ижил байдаг нь хачирхалтай. Уруулынх нь дээд хэсэг ч “сунасан”, уян хатан байдаг нь ийнхүү нэрлэхэд хүргэсэн буй за.
Тодруулга
Ташрамд өгүүлэхэд, онгон байгаль, зэрлэг амьтдын гэрэл зургийн уралдаан дэлхий, тив, бүс нутгийн, тухайн улсын хэмжээнд гэхчлэн олон бий. Тэдгээрээс хамгийн нэр хүндтэй нь Wildlife рhotographer of the Year. Энэ салбарын “Оскар” хэмээдэг бөгөөд шалгуур өндөртэй. Энэ жилийн бүтээлүүдийг уламжлалаараа Байгалийн түүхийн музейд энэ сарын 16наас ирэх оны долоодугаар сар хүртэл дэлгэнэ.
•World Nature Photography Awards бол мөн л энэ салбарын шилдгүүдийн хүлээдэг уралдаан. Байгаль дэлхий, зэрлэг амьтдын гоо сайхныг тодотгон харуулсан бүтээлээ илгээх учиртай. Зохион байгуулагчид нь оролцогч бүрийг төлөөлөн тодорхой газарт мод тарьдаг онцлог уламжлалтай.
•Өөр нэг уралдаан нь Nikon Comedy Wildlife Awards. Онгон дагшин газарт нутагтай амьтдын “хөөрхөн”, хөгжилтэй агшныг харуулсан зураг байх үндсэн шаардлагатай. Үүгээр дамжуулан байгаль эх, амьтдыг хайрлах, хамгаалахад нөлөөлөх зорилготой.
•Зөвхөн шувуудын гэрэл зургаар өрсөлддөг Bird рhotographer of the Year болон European Wildlife Photographer of the Year олон улсын уралдаан ч хүн төрөлхтний анхаарлыг байгаль хамгаалалд татахад хөшүүрэг болдог том талбар юм.
Э.Хана