Монголын туялзуур сэлмийн холбооноос энэ удаа Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнийг олон улсын шүүгч Б.Цолмон агсны нэрэмжит болгон зохион байгуулжээ. Тус эмцээний эмэгтэйчүүдийн ангилалд “УБ фенсинг” клубийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Б.Амарзаяа, эрэгтэйчүүдийн ангилалд “Саруул фенсинг”-ийн тамирчин М.Хүслэн нар алтан медалийн эзэн болов. Дотоодынхоо шилдгүүдтэй эн тэнцүүхэн өрсөлдсөн хамгийн залуу тамирчин болох 13 настай Г.Уран-Маргад, 14 настай Г.Сэцэн нарт тулааны сэлэм бэлэглэж, урамшуулсан байна. Түүнчлэн эхний зургаан байрт шалгарсан эрэгтэй, эмэгтэй сэлэмчид Францын Орлеан хотод арванхоёрдугаар сарын 3-5 хүртэл үргэлжлэх “Гран при-2026”-д оролцох эрхээ авах аж. Энэ нь Олон улсын туялзуур сэлмийн холбооноос төлөвлөсөн 2026 оны хамгийн сүүлийн тэмцээн юм.