Нийслэлийн Чингэлтэй дүүргийн VII хорооны нутаг дэвсгэрт байрлах 149 дүгээр сургуулийнхан эрүүл, ногоон, хүртээмжтэй, аюулгүй, ухаалаг сургуулийн загвар, жишиг болжээ. Учир нь 149-ийнхөн дулаанаа хийн халаагуураар, цахилгаанаа нарны эрчим хүчээр бүрэн шийдсэн байна. Энэ талаар тус сургуулийн захирал Э.Пүрэвсүрэн “Уурын зуухаар галладаг байхад өдийд цонхоо ч онгойлгож чаддаггүй, маш хүйтэн. Анги, танхимын агааржуулалт ч муу байлаа. Харин одоо цонх онгорхой ч дулаахан болсон. Бид жилд дунджаар 420 мянган тонн түүхий нүүрс түлдэг байсан бол хийн халаалт нэвтрүүлснээр агаар сэлгэх боломж бүрдэн, үнс нурам, тоос тортгоос ангижирлаа. Хийн халаалтад шилжсэн сар хагасын хугацаанд температурын болон орчны ямар нэгэн аюул эрсдэлгүй, үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна” хэмээсэн юм.
Үүнийг дагаад 149 дүгээр сургуулийн багш нарын ажиллах орчин нөхцөл сайжирч, сурагчдын сурлагын амжилт, чанарт ч нөлөөлж эхэлсэн гэнэ. Хуучин үнс, нурамтай орчинд, дөрвөн галч сургуулийг халаадаг байжээ. “Газком” ХХК-ийн оруулж ирдэг, дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад хэрэглэдэг, стандартын шаардлага хангасан хийн халаалтын систем нэвтрүүлснээс хойш эдгээр зовлон үгүй болсон гэнэ. Тус компанийхан 2018 оноос Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамж очих боломжгүй 20 гаруй сургууль, цэцэрлэгийг хийн халаагуурт холбосон аж. Технологийн хувьд 2019 онд зэрэгцээ байрлуулсан бүлэг баллонаар халаалтаа шахаж байсан бол өнгөрсөн жилээс бие даасан нэгдсэн даралтат саваар хийгээ шийдсэнээр аюулгүй байдал нь бүрэн хангагдсан байна.
О.Ундрах